Есдүгээр сард болох Москва хотын зөвлөлийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигчдийг бүртгэлгүй хассан явдал хойд хөршийн нийслэлд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх шалтгаан болжээ. Жагсаал хоёр долоо хоног үргэлжилж байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагт жагсагчид Москва хотын захиргаа байрладаг Тверская гудамж руу хөдлөх үед цагдаа нартай тулгарчээ. Мөргөлдөөн Москвагийн төвийн гудамж талбайнуудад хэдэн цагийн турш үргэлжилсэн байна. ОХУ-ын дотоод хэргийн яам энэ удаагийн жагсаалд 3,500 орчим хүн оролцсон гэж мэдэгдсэн бол зарим хэвлэлд жагсагчдын тоо 5,000 давсан гэж мэдээлж байна.
Жагсагчид болон хөндлөнгийн ажилагчдийн ярьж буйгаар хүмүүсийг жагсаал эхлэхээс өмнө барьж эхэлсэн бөгөөд нийт мянга гаруй хүнийг саатуулжээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний Эрхийн Зөвлөлийн дарга Михаил Федотов Москва хотын захиргааны ойролцоо болж буй жагсаалын үеэр хүмүүсийг ямар ч үндэслэлгүй баривчилж байгааг харснаа мэдэгджээ.
Москва хотын захиргаа өнгөрсөн бямба гарагт эсэргүүцлийн жагсаал явуулах зөвшөөрөл өгөөгүй тул хууль сахиулах байгууллага журмын дагуу ажлаа явуулсан тухай мэдэгдсэн байна.