Шоронд хоригдож байгаа Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд харшлын хурц шинж тэмдэг илэрсэн тул Москва хотын 64-р эмнэлэгт хүргэгджээ. Тус эмнэлгийн эмч нар түүнд “чонон хөрвөс” гэж нэрлэдэг харшлын урвал онош тавьжээ. Алексей Навальный Москва хотын сонгуульд сөрөг хүчний улс төрчдийг сонгуулийн комисс бүртгэж аваагүй тул иргэдийг эсэргүүцлийн жагсаалд уриалсныхаа төлөө энэ сарын 24-нд баривчлагдан 30 хоног хоригдох шийтгэл хүлээсэн юм. Эмнэлгийн эмч нар Навальныйн оношийг түүний эхнэр, өмгөөлөгч хоёрт мэдэгдэхээс татгалзсан тухай улс төрчийн хэвлэлийн төлөөлөгч Твиттер хуудсандаа бичсэн байна. Түүний бичсэнээр бол Навальныйн нүүр ихээр хавагнаж туурсан байдалтай байсан аж. Навальныйг эмчилдэг эмч нар тус оношинд итгэхгүй байгаа бөгөөд өвчтөнг өөрсдөө үзэх гэж зүтгэсэн ч бүтэлгүйтсэн байна. “Алексейд ямар ч харшил хэзээ ч байгаагүй.Тэрээр бусад хоригдлуудын хамт ижил хоол унд хэрэглэсэн. Ямар нэгэн ариун цэврийн болон гоо сайхны үнэртэн хэрэглээгүй. Өвчтөний зовуур шинж тэмдгээс үзэхэд тэрээр хордсон нь илт” гэж Навальнын нүдийг эмчилдэг эмч “Facebook”-т бичжээ.