Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн болон тус улсын сөрөг хүчнийхний төлөөлөгчдийн хоорондох хэлэлцээр тасалдахгүй, амжилттай үргэлжилж байна. Энэ тухай уг хэлэлцээрт зуучлах үүрэг гүйцэтгэж байгаа Норвеги улсын Гадаад хэргийн яам мэдэгджээ. “Осло хотод эхэлсэн Венесуэлийн улс төрийн гол хүчнүүдийн хэлцээр тасралтгүй үр дүнтэй явж байгааг мэдээлэлж байна” гэж мэдэгдэлд бичсэн байна. Баримт бичигт “хоёр талын оролцогчид хэлэлцээрийн үйл явцын талаар өөрсдийн санал, мэдэгдлээ тогтоосон удирдамжийн дагуу маш болгоомжтой илэрхийлэх ёстойг” дахин сануулахаас гадна “хэлэлцээрийн эрх ашгийн үүднээс талууд болж буй үйл явцын нууц байдлыг хүндэтгэх нь нэн чухал” гэж онцолжээ. Өнгөрсөн тавдугаар сард Венесуэлийн дээрх хоёр улс төрийн хүчний хэлэлцээр Ослод хэд хэдэн удаа болж өнгөрсөн юм. Энэ сарын 8-нд хэлэлцээрийн шинэ шат Барбадост эхэлсэн аж. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро хэлэлцээрүүдийг үр дүнтэй болж өнгөрснийг мэдэгдэхийн зэрэгцээ тохиролцоонд хүрэх магадлалыг үгүйсгээгүй байна.