Өөлөх, шүүмжлэх гэхдээ шагналын тухай дахин хөндсөнгүй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын шагналын хэлтэст хүмүүс л ажилладаг. Шагнал олгогч гэдэг мэргэжил байх биш. Тус хэлтэст төрөл бүрийн мэргэжилтэй, тал бүрийн мэдлэгтэй, хамгийн гол нь төрийн ажлын олон жилийн туршлагатай нөхөд ажилладаг гэдэг. Тэд нийслэл, орон нутгаас ажилтнууддаа янз бүрийн шагнал, одон, медаль олгуулахаар илгээсэн материалуудтай танилцаж, шүүн, шагнавал зохих хүмүүсийнхийг ялгаад, үндсэнд нь шийдээд Ерөнхийлөгчид жагсаалтаар танилцуулдаг юм билээ. Зарим нэг онцгой мэргэжил, мэргэжилтний талаар Ерөнхийлөгчийн зөвлөхүүдээс асууж, зөвшилцдөг гэдэг.
Янз бүрийн байгууллагаас илгээсэн, ажилтнаа төрийн цол, “хэргэм”-ээр шагнуулах тухай зарим өргөдөл, хүсэлтийн хариу тун удалгүй шагнал болж эзэндээ очдог байхад зарим нь усанд хаясан чулуу мэт сураггүй болдог. Ажилтнаа тодорхойлсон байгууллага, түүний удирдлага, хамтран ажиллагсад нь хариу хүлээнэ. Шагнуулах магадлалтай хүн баяр болгоноор зурагтынхаа дууг чанга дээр нь тавьж нэрээ чагнана. Зарим хүний өмнөөс сэтгэл зовж байсан ч удаатай. Шагнал олгох ч, үгүй ч буцаагаад мэдэгдэж болдоггүй юм болов уу. “Шагнах нөхцөл, болзол хангаагүй юм байна” гээд материалыг буцаагаад явуулдаг бол байгууллага ч, хувь хүн ч “нүдээ ширгэтэл” харуулдахгүй бус уу. Эсвэл энэ нь сэтгэл зүйн талаас авч үзвэл таарахгүй юу.
Юутай ч хэдхэн хоногийн өмнө болсон явдлын талаар санал солилцох нь зүйтэй гэж санана. Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдаанд IV байр эзэлсэн дуурийн гоцлол дуучин Э.Анхбаярт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олгосонд соёл урлагийнхан, олон түмэн ч талархав. Дуучин залуу эх орныхоо нэрийг дэлхий даяар мандуулж чадсан. Учир нь энэхүү уралдааныг “Медичи” цахим телевиз 14 хоногийн турш дэлхийн 188 оронд шууд дамжуулсан юм. Олон улсын тавцанд гавьяа байгуулсан дуучны тодорхойлолтыг хүлээж авсныхаа маргааш шахуу гавьяат цол олгосон нь шагналын хэлтсийнхэн мэдлэгтэй, мэдрэмжтэй болохыг нотолсон.
Гэтэл дуучин Э.Анхбаярын концертмейстерээр ажилласан буюу түүнийг уралдаанд бэлтгэж, амжилтад хүргэсэн төгөлдөр хуурч, Монгол Улсын Консерваторын багш Б.Бат-Эрдэнийн тодорхойлолт очсоор атал орхигдуулсан нь анхаарал татаад байгаа юм. Дуучин, төгөлдөр хуурч хоёр хамтран ажиллаж амжилт гаргасан гэдгийг яагаад ойлгоогүй, эсвэл ойлгохыг хүсээгүй юм бол.
Уран гулгалтаар зүйрлэе. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хосын төрөлд түрүүлсэн хоёрын нэгэнд нь алтан медаль өгөөд, нөгөөд нь олгоогүйтэй яг адил юм болов. Ерөнхийлөгчийн Тамгын газрын шагналын хэлтсийнхэн алдаа гаргалаа. Энэ тухай мэдээлэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад очсон уу. Эс бөгөөс тэрбээр огт дуулаагүй явна уу. Үүнд тайлбар хийх нь шагналын хэлтсийнхний өөрөө өөрсдийнхөө өмнө хүлээх үүрэг гэж бодож байна. Ингэж бичиж буйг төгөлдөр хуурч залуу бүү уншаасай. Учир нь тэрбээр эмзэглэнэ. Залуу хүнд өөрөө гуйж бичүүлсэн мэт санагдах вий. Урам зориг нь бүр мохох вий. Монголын ХБК-ийн уугуул, Итали улсад Хөгжмийн дээд сургуулийг бакалавр, магистраар төгссөн, төгөлдөр хуурчдын олон улсын хэд хэдэн уралдаанд амжилттай оролцсон, тэр тусмаа Ф.Шопений нэрэмжит уралдаанд ч эх орныхоо нэрийг дуудуулж явсан, өнөө цагт тайзнаа идэвхтэй тоглож буй цөөхөн төгөлдөр хуурчдын нэг юм. Түүнийг өдгөө ирэх аравдугаар сарын дундуур Япон Улсад Европын Холбооноос зохион байгуулах гоцлол хөгжимчдийн олон улсын уралдаанд урьсан бөгөөд оролцохоор бэлтгэж байгаа. Ийм уран бүтээлч хамтран зүтгэгчийн хамт шагналын тавцан дээр гарч ирээд зогсож байхад нь нөгөөхөд нь алтан медаль зүүж өгсөн хэрнээ өөрийг нь хүн байна ч гэж харалгүй буулгачихлаа шүү дээ. Үүнийг ер нь юу гэж ойлгох вэ. Цаашид иймэрхүү, “мэддэггүйд эрээн цоохор” гэдэгтэй адил явдал бүү тохиолдоосой гэсэндээ бичиж байна.
Алдаа гаргасан бол засаж залруулаад урагшилдаг нь хүний ёс, нийгмийн ч асуудал.
Манай улсын хувьд дуурийн гоцлол дуучин, түүний концертмейстерээр ажиллаж, амжилтад хүргэсэн төгөлдөр хуурч хоёрт зэрэг Гавьяат жүжигчин цол олгосон тохиолдол бий. Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг болон төгөлдөр хуурч, Гавьяат жүжигчин Б.Солонго нарт 2011 онд шиг санаж байна, М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны тэргүүн байрын амжилт гаргахад нь нэгэн зэрэг гавьяат цол олгож байлаа. Тухайн үед Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн рүү залгаж тайлбарлуулахыг захирал бүсгүйн хажууд сууж байхдаа сонссон юм. Б.Сэргэлэн дарга дуучин хүн сайн концертмейстерийн нөлөөгөөр амжилт гаргадаг, төгөлдөр хуурч нь дуучныхаа багш нь байдаг талаар хэлж байсан. Тэр долоо хоногтоо л дуучин, төгөдөр хуурч хоёр хоёулаа Гавьяат болсон. Төр, улсдаа үнэлүүлсэн уран бүтээлчдийн, түүнээс хойш Монголын сонгодог урлагийн хөгжилд оруулсан хувь нэмрийг ганц, нэг өгүүлбэрээр дурдах аргагүй.
Гавьяат жүжигчин Б.Солонго багш ДБЭТ-ын бүхий л дуурьт дуучдаа бэлтгэсээр байдгийн зэрэгцээ олон ч дуучныг олон улсын уралдаанд амжилттай оролцуулсны нэг нь өдгөө дэлхийн дуучин болсон Гавьяат жүжигчин Э.Амартүвшин билээ. Тэрбээр суут П.И.Чайковскийн нэрэмжит XIV уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн юм. Тэр жил дууны төрөлд тэргүүн байр эзлүүлээгүй тул бид Э.Амартүвшингээ тэргүүлсэн гэж ойлгон, онгирч ч байлаа. Дуурийн гоцлол дуучин, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг ажилдаа хариуцлагатай ханддагаараа үлгэр жишээ уран бүтээлч гэж театрынхан ярьдаг. Энэ нь ч хүүхэд төрүүлээд удаагүй байхдаа шинэ уран бүтээлийн гол дүр бүтээн, харих завгүй, хүүхдээ хөхүүлэхийг умартан ажиллаж байснаар нь батлагдана. Аливаа шагнал иргэдэд урам зориг, баяр хөөр нэмэхийн сацуу хариуцлага нэмдэг нь эндээс харагдах болов уу.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын шагналын хэлтсийнхэнд ойлголт өгөх үүднээс концертмейстер гэж ямар үүрэгтэй төгөлдөр хуурч болох талаар тайлбарлая. Дууны урлаг гэдэг бол хөгжмийн урлаг юм. Хөгжимгүйгээр дуулахгүй. Хөгжимгүй дуулах гэдгийг бүдүүлгээр хашаагүй хоньтой адилтгасан ч яах вэ. Дээр нь амьсгааг зөв хуваарилах арга ухааны тусламжтайгаар дуурийн ари болон мэргэжлийн өндөр түвшинд бичсэн дуу болох романсыг дуулдаг. Дуучны амьсгаа, амны хайрцгийн хэмжээ болоод хэлбэр галбир, дуу авиаг гадагшлуулах хурд зэрэг бүхий л үзүүлэлт ном, стандартын түвшинд байх, эсэх нь концертмейстерийн эрдмээс хамааралтай. Секундийг хэд хуваасантай тэнцэх хугацаанд дуучин, төгөлдөр хуурч хоёр зөв ажиллаж чадсан, эсэхээс сайхан дуугаралт гарах нь хамаардаг нарийн урлаг юм.
Дуучин Э.Анхбаяр, төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ нар зөвхөн энэхүү П.И.Чайковскийн уралдаанд хамтарч бэлтгэсэн юм биш. Өмнө нь олон улсын хэд хэдэн уралдаанд хамт оролцож амжилт гаргасан гар нийлсэн, амжилтын шатаар хамтдаа алхаж яваа уран бүтээлчид. Ямартай л ОХУ-ын алдарт концертмейстер Дарима Линховойн манай Б.Бат-Эрдэнэд “Миний 45 жил дуучин бэлтгээд аваагүй шагналыг чи хүртлээ. Маш сайн байна” гэж хэлсэн байх вэ. Энэ нь төгөлдөр хуурч залуугийн ур чадварыг товч, тодорхой үнэлсэн хэрэг биш гэж үү. Мөн АНУ-ын дуурийн урлагийн нүүр царай “Метрополитен” театрын уран сайхны удирдагч, П.И.Чайковскийн нэрэмжит XVI уралдааны гоцлол дууны төрлийн шүүгчдийн ахлагч Сара Соломон манай хоёрт тусгайлан баяр хүргэхдээ, Монголдоо дуулж, хөгжим тоглож сурсан гэж хэлэхэд нь дуу алдан гайхаж, магтаж байсан гэсэн.
П.И.Чайковскийн уралдаанаас “Шилдэг концертмейстер” шагналыг нь эх орондоо аваад ирсэн төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ гэж ийм нэгэн залуу “Зүгээр ээ, найзууд аа. Анхаа маань Гавьяат боллоо. Би яах вэ” гээд инээгээд явж байна. Үнэн хэрэгтээ тэрбээр уйлж яваа.
Олон улсын уралдааны орчинд ур чадвартайгаараа сайшаагдаж, үгийн сайнаар магтуулж ирсэн залуу хөгжимчний урмыг төр нь, үнэн хэрэгтээ шагналын хэлтсийн дэлхийн соёлд А-гүй нөхөд ийнхүү хугалж орхив. Магадгүй тэдний нүдэнд төгөлдөр хуурч гээч нь дуучныг дагаж хөгжимддөг төдий хүн харагддаг байх. Дахин хэлэхэд алдааг залруулж болно.