Украйн улсын Мөрдөн байцаах алба (МБА) Ерөнхийлөгч асан Петр Порошенко болон бусад өндөр албан тушаалтнуудын эсрэг 11 эрүүгийн хэрэг нээгээд байгаа талаар тус албаны удирдагч Роман Труба өчигдөр мэдэгджээ. Тэрээр Порошенког “Кузня на Рыбальском” үйлдвэрийг зарсан 300 сая долларын татвараас зайлсхийсэн байж болзошгүй хэргээр гэрчийн мэдүүлэг авах гэж дуудсан боловч экс төрийн тэргүүн ирээгүйг онцолсон байна. Үүнтэй холбогдуулан Порошенкод давтан зарлан явуулах аж. Порошенкогийн өмгөөлөгчийн мэдэгдсэнээр бол түүний үйлчлүүлэгч МБА-ны зарлан аваагүй бөгөөд ямар ч нөхцөлд парламентын сонгууль болтол мөрдөн байцагчтай уулзах цаг зав гаргаж чадахгүй гэжээ. Өмнө нь Порошенко эрүүгийн хэд хэдэн хэрэгт, тухайлбал “Центрэнерго”-д албан тушаал хуваарилахад эрх мэдлээ урвуулан ашигласан, Керчийн буланд гарсан үйл явдалтай холбогдуулан эх орноосоо урвасан, “Прямой” телевизийн сувгийг хууль бусаар эзэмшсэн, 2016 онд депутатуудыг бүлгийг байгуулахад хуурамч бичиг баримт бүрдүүлж хууль бусаар Засгийн газрыг байгуулсан, шүүх засаглалыг эрх мэдэлдээ авсан зэрэг хэрэгт холбогдсон юм. Үүнээс гадна тэрбээр 2014 оны Евромайданы үеэр энгийн иргэд амиа алдсан хэрэгт гэрчийн үүднээс байцаалт өгч байжээ