Өчигдөр буюу лхагва гарагт /2019.07.17/ Иракийн Эрбил хотод Туркийн дипломат ажилтныг хөнөөсөн хэрэг гарчээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар үл таних этгээд Туркийн элчин сайдын яамны ажилчдын хоол идэж байсан зоогийн газар руу гал нээжээ. Гэмт этгээдийн сумд Туркийн Ерөнхий консулын орлогч болон түүнтэй хамт байсан хоёр дипломат ажилчин өртсөн аж. Туркийн Гадаад хэргийн яам нэг дипломат ажилтнаа нас барсныг албан ёсоор мэдэгдсэн бол Багдад дахь Туркийн элчин сайдын яам хэд хэдэн хүн эндсэн тухай мэдээллийг үгүйсгээгүй байна. Гэхдээ тэдгээр хүмүүсийн албан тушаалын талаар тодорхойгүй аж. Турк, Ирак улсын хооронд дипломат харилцаа тогтоогдсон боловч хоёр улс хэдэн арван жил курдын асуудал дээр тохиролцож чадахгүй байгаа билээ. Эрбиль хот Иракийн Курдын нийслэл хэмээн тооцогддог бөгөөд автономит эрх бүхий бие даасан статустай бүс юм. Анкара Иракийн Курдистаны тусгаар тогтнох асуудлыг эрс эсэргүүцдэг аж.