Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Хуулийн төсөлд ямар ямар заалт тусгасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийхдээ "УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн системийг холимог болгох, тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглох зэрэг заалт оруулсан" гэсэн билээ.
Тэгвэл дээрх саналыг зарим гишүүн эсэргүүцэж байгааг УИХ-ын гишүүн Б.Элдэв-очир мэдэгдлээ. Тэрбээр "УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх саналыг ард түмэн хэзээ ч дэмжихгүй шүү дээ. Ийм санал өргөн барьсанд зарим гишүүн гайхаж байна. Өмнө энэ асуудлаар гурван жилийн турш хэлэлцээд УИХ-ын гишүүдийн тоог 76 байхаар тогтсон. Ерөнхийлөгч зориуд улс төрийн пи-ар хийж, биднийг янаглан хорлож байна" гэлээ.