УИХ-ын дарга Г.Занданшатар баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
"Эрэлхэг дээдсийн үр сад, Эх орныхоо бүрэн эрхт иргэн, Эрхэм Танд Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил болон Ардын хувьсгалын 98 жилийн ой, 108 тооны бэлгэдэлтэй Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлж, мэндчилье.
Мөнх хөх тэнгэрийн дор алтан соёмбот төрийн далбаа намирч, есөн хөлт цагаан туг сүлд минь заларч, зүлэг ногоон дэвжээнээ хүчит бөхчүүд барилдаж, хөдөө талын уудамд гийнгоон дуу цуурайтан, сурын алтан зурхайд уухайн түрлэг хадаж, МОНГОЛ НААДАМ эхэлж байна.
Даян дэлхийд дуурсах Монгол хэмээх улс гэрийн дархлаа, эх түүх, төрт ёсны уламжлалт соёл, бэлгэдэл нь Монгол наадам билээ.
Баяр наадмаа ажил, амьдралын амжилт ололт дүүрэн угтдаг ёс Монголынх, монголчуудынх.
Тиймээс Монгол Улсын Их Хурал хариуцлага, хяналтыг сайжруулах чиглэлээр шинэтгэл эхлүүлээд байна. Үүний үр дүнд хууль тогтоох ажилд тооны болон чанарын ахиц дэвшил, өөрчлөлт гарлаа.
Ард түмний төлөөлөл болсон парламент иргэдийнхээ хүсэл эрмэлзэл, санал, оюун ухаанд тулгуурлаж шийдвэрээ гаргах, баталсан хууль тогтоомжийнхоо хэрэгжилтэд нь хяналтаа тавьж байх эрхэм зорилгоо хэрэгжүүлэх шинэ алхмуудыг хийлээ. Энэхүү шинэтгэл цаашид ч тууштай үргэлжлэх болно.
Эрхэм хүндэт иргэд ээ,
Баяр наадмын өмнөхөн бид Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Монгол орон, монгол түмний хөгжил дэвшлийн ирээдүйн хувь заяатай онцгой хамааралтай үйл хэргийг эхлүүлсэн. Наадмын дараа ч энэ ажил үйлс үргэлжилнэ.
Ардчилсан засаглалтай, тусгаар улсын иргэд эдлэх ёстой эрх чөлөөгөө бүрэн эдлэх учиртай. Шударга ёс дэлгэрч, зөвхөн хууль засагладаг байх нь монгол хүн бүрийн хүсэмжлэл боллоо. Төрийн тогтолцоо зөв, тэнцвэртэй байх нь засаглал тогтвортой, иргэндээ ээлтэй байхын эх сурвалж мөн. Цөөнх баяжиж, олонхи болсон ард түмэн ядуурах учиргүй. Эх орны минь баялаг иргэн бүхэндээ тэгш хүртэх ёстой.
Эдгээр гарцаагүй шаардлага, эрмэлзэл тэмүүллийг эш үндэс болгож, Үндсэн хуулийн шинэчлэлийг хийхээр зорьсон юм. Бурууг засах, зөвийг зорих цаг ирснийг нийт монголчууд ойлгон дэмжиж байгаад баяртай, зорьсон үйлсийнхээ үр дүнд итгэлтэй байна. Түүхэн энэ боломжийг алдаж асгалгүйгээр болохгүй байгаагаа цэгцлэх цаг нэгэнт ирсэн. Цэгцэлж хэрвээ чадвал цэгцрэх хөдөлгөөн Монголыг сайн сайханд хүргэнэ. Цэгцэлж чадах, цэгцэрч урагшлах эвийн хүч, мэргэн ухаан монголчуудад маань бий.
Тиймээс зорилго, эрмэлзлээ нэгтгэж, сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг баяр наадмын энэ өдөр нийт монголчууддаа уриалж байна.
Эх орон, их түүхийнхээ Эзэн монголчууд Та нар минь хотлоор баясгалантай, даяар цэнгэлтэй, дэлгэр сайхан наадаарай.
Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол Улс маань мандан бадрах болтугай" хэмээв.