Их Британийн Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөгч Борис Жонсонг Дотоод хэргийн сайд Сажид Жавид дэмжсэн төдийгүй ирээдүйд түүний бүрдүүлэх танхимд өөрөө Сангийн сайдын суудал горилж буй аж.
Ерөнхий сайдын суудлын төлөөх өрсөлдөөнд биечлэн оролцсон Жавид зургадугаар сарын 20-нд түүнээс гарч, Засгийн газрын тэргүүний албанд Жереми Хантыг бодвол Борис Жонсон илүү тохирно гэж үзэж байна. Их Британийг Брюссельтэй элдэв хэлэлцээ хийлгүйгээр Европын холбооноос гаргахад төсвийн шуурхай төсөл бэлтгэх хэрэгтэй хэмээн Жавид үзжээ.
Түүнээс гадна Ерөнхий сайдаар сонгогдвол Жонсоны хийхээр төлөвлөж буй ажлыг “The Times” сонины нийтлэлд дурдсан байна. Тэрбээр есдүгээр сард багтаан Цагаан ордны эзэн Дональд Трамптай уулзах аж. Мөн Олон нийтийн танхимын сонгуулийг хугацаанаас нь өмнө есдүгээр сарын эхээр хийх боломжийг судалж байна.
Консерватив намын жирийн гишүүдийн 74-өөс доошгүй хувь нь түүний төлөө саналаа өгөхөөр байгаа гэнэ. Өнгөрсөн онд Жонсоны суудлыг авсан Жереми Хантыг санал асуулгад оролцогчдын ердөө 26 хувь нь дэмжжээ.
Их Британийг Европын холбооноос гаргаж чадаагүйнхээ төлөө эхлээд эрх баригч Консерватив намын тэргүүний суудлаасаа, шинэ тэргүүн сонгогдохоор Ерөнхий сайдын албаа өгөхөө өнгөрсөн тавдугаар сарын 24-нд Тереза Мэй зарласан юм.
Сонгуульд ялагчийн нэрийг энэ сарын 23-нд зарлаж, тэр хүн маргааш нь Их Британийн Ерөнхий сайдын бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.