- Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудын тал нь тарамдаж хоцров –
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганыг өнгөрсөн баасан гарагт хаалаа. Парламентын нэгэн бүрэн эрхийн хугацааны туршид бодитой, ажил хэрэгчээр асуудалд хандаж, бодлого боловсруулах боломжит ээлжит чуулган ийнхүү шувтрав. 2019 оны намрын чуулган айсуй сонгуулийн жилийг дамнаж, 2020 оны хаврын ээлжит чуулган бүхэлдээ улс төрийн “уралдаан”-тай хутгалддаг тул тэдгээрийг үнэлж, дүгнэх нь илүүц биз. Тэгвэл хамгийн “сүүлчийн” чуулган хэр үр дүнтэй ажиллав.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Чуулган өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, ачаалал ихтэй, шахуу хуваарьтай ажиллалаа. Хууль тогтоох ажилд тооны болон чанарын ахиц дэвшил, өөрчлөлт гарлаа. 2018 оны намрын ээлжит чуулганыг хааснаас хойш бие даасан 14, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 74, хүчингүй болгох тухай 10 буюу нийт 99 хууль, УИХ-ын 44 тогтоол баталсан байна. Үүнийг өмнөх чуулгантай харьцуулахад баталсан хуулийн тоо 50-иас илүү хувиар нэмэгджээ. Энэ парламентын үйл ажиллагааг 2012-2016 оныхтой харьцуулахад тоо болон чанарын том дэвшил гарсан нь эл тоон судалгаагаар нотлогдож байна” хэмээн дүгнэсэн. Хэдийгээр харьцуулалт сайн дүнтэй гарч болох ч тухайн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа бүгдийг нь гүйцээсэн үү гэвэл үгүй. Хаврын чуулганы эхэнд баталдаг тухайн оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл хийгээд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгийг хуулийн хугацаанд хэлэлцэж, хэд хэдэн хуулийг шинээр баталсан байна. Тодруулбал, Татварын багц хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний, Хэмжил зүйн болон Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг шинээр баталжээ. Гэхдээ энэ нь хэлэлцэхээр төлөвлөж, нэр цохон дараалалд оруулсан хуулиудын дөнгөж тал нь. Үлдсэн төслүүдээс Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын мөн оны санхүүгийн нэгтгэсэн тайланг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөөд буй бол хэд хэдэн чуулган дамжсан ч хэзээ батлагдах нь тодорхойгүй, нэг бус асуудал аанай л жагсаалтад хоцров.
Тухайлбал, Сонгуулийн тухай нэгдсэн хуулийг задалж, УИХ, Ерөнхийлөгч болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ынх болгон тус тусад нь болгох, эсэх нь дахиад л сонгуулийн жил гарахаас урьтаж хийх ажил болон үлдэж байх шиг. Өмнөх парламент бүрэн эрхийн хугацааныхаа төгсгөлд нэгтгэн баталсан Сонгуулийн тухай хуулийг задалж, тус тусад нь хуультай болгох төдий өөрчлөлт оруулна гэлцэж байсан эрх баригчид өнөөдөр тогтолцоог тэр чигт нь өөрчилж, “улс-нэг тойрог” хувилбараар сонгууль явуулах сэжүүр гаргаад орхичихсон. Мэдээж тэд сонгуулийн тогтолцоог “шоглохоо” мартахгүй л дээ. Мөн Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хөндөгдсөнгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр ч оролдсонгүй. Эдгээрээс гадна Эх оронч худалдан авалтын, Мэдээллийн аюулгүй байдлын, Архидан согтуурахтай тэмцэх, Хөдөлмөрийн тухай, Хууль, тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах гэх мэт төсөл дарагдан үлдэв.
Ингэж олон төсөл үлдээснийхээ төлөө хэлэх тайлбар эрх баригчдад бэлэн. Тэр нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн явдал. Үнэхээр ч үе үеийн парламентын үед яригдсаар, “үүц” болон хуримтлагдсан, “Эцэг хууль”-ийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг үнэмлэхүй олонхынхоо хүчинд эрдэж, сөрөг хүчингүйгээр (АН-ын бүлэг албан ёсоор тарав) эхлүүлсэн тэдэнд, бас бидэнд гай, гавьяа аль нь ирэхийг өнөөдөр хэлж мэдэхгүй нь. Гэхдээ ард нийтийн санал асуулга явуулахаар шийдвэл эрх баригчдын бэлдсэн нэмэлт, өөрчлөлтийг батлах, эсэх нь энгийн иргэн бидний эрх бидний гарт ирнэ гэсэн үг юм.
...Хэдийгээр харьцуулалт сайн дүнтэй гарч болох ч тухайн чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа бүгдийг нь гүйцээсэн үү гэвэл үгүй. Хаврын чуулганы эхэнд баталдаг тухайн оны төсвийн хүрээний мэдэгдэл, төсөөлөл хийгээд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгийг хуулийн хугацаанд хэлэлцэж, хэд хэдэн хуулийг шинээр баталсан байна...
Тэр тусмаа хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа өмнөхөөс илт сайжирсан гэх Г.Занданшатар даргын дүгнэлттэй шууд санал нийлэх нь өрөөсгөл биз ээ. Байнгын хороодын болон нэгдсэн чуулганы хуралдаан ирц хүрэхгүйн улмаас байсхийгээд тасалддаг, ирцээ бүрдүүлж, хуулиа батлахын тулд бусдынхаа өмнөөс санал өгдөг гэх мэт өмнөх хариуцлагагүй байдлыг хүчээр таслан зогсоох оролдлогыг энэ чуулганаар нэвтрүүлсэн. Гишүүдийн хариуцлагагүй байдал нь бие биедээ “халдварлаж”, тартагтаа тулсан учраас хурууны хээ уншдаг төхөөрөмжид “уясан” нь гайхуулах зүйл биш ээ. Тэгээд ч хуруугаа “уншуулдаг” болсноороо хариуцлагагүй байдал шууд арилчихсангүй. Өнгөрсөн чуулганы хугацаанд ирц бүрдэхгүйн улмаас хуралдаан цагаасаа хожимдож эхлэх, бүр цуцлагдсан тохиолдол цөөнгүй гарсныг зайлшгүй тэмдэглэх ёстой.
Гэвч үүгээр өнгөрсөн намрын чуулганы төгсгөлд спикерээр сонгогдсон Г.Занданшатар даргын бүрэн удирдсан чуулганы хугацаанд гишүүдийнхээ хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд гаргасан хичээл, зүтгэлийг үгүйсгэх гэсэнгүй. Тэрбээр хуралдаан удирдахдаа асуулт тавьж, үг хэлэх гишүүн бүрийн нэрийг овогтой нь дуудаж, оршилд нь “Эрхэм гишүүн” гэх тодотголыг алгасалгүй хамтатгаж байсныг энэ ташрамд дурдъя. Харин эцэг, эхийн нэрийг индэр дээрээс дуудуулахын хэрээр “Эрхэм гишүүд”-ийн хариуцлага дээшилсэн гэвэл худлаа. Ямар сайндаа л Х.Нямбаатар нарын гишүүд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, гишүүд үг хэлж, асуулт тавихдаа индэрт гарахаар тусгасан нь багагүй шүүмжлэл дагуулах билээ. УИХ-ын гишүүд индрийн араас бусдыгаа доромжлохгүй, бүгдийн өмнө гарчихаад худлаа хэлэхгүй болов уу гэж найдсандаа ийм өөрчлөлт тусгасан ч талаар болсон юм. Гэсэн ч УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийг шинэчлэн боловсруулаад байна. Дүрмийн төслийн зарим заалтыг харахад албадлагын гэмээр зүйл ч нэлээд байна лээ. Арга ядсан хэрэг биз.
Нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрхийг дээдлэх, хуулийн байгууллагуудын хараат бус байдлыг хангуулахын төлөө гудамжинд гарсан хэдэн гишүүний тэмцлийн үр дүнд Г.Занданшатар даргаар сонгогдсон. Тиймээс ч түүний удирдсан нэгэн чуулганы хугацаанд төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэх цагаас энэ чиглэлд хийсэн зарим ажил хумсалсан байж мэднэ. Тухайлбал, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг нэгдсэн чуулганаар сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаа хэлэлцсэнээс гадна хууль, хяналтын зарим байгууллагын удирдлагыг өөрчилж, нийтийн сонсгол, хэлэлцүүлэг хийх зарчмаар дараагийн даргыг нь сонгон томилсон. Түүнчлэн хүүхдийн эрх, тэдний эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр ерөнхий хяналтын сонсгол ч зохион байгуулсан.
Мөн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах түр хороо байгуулав. Энэ хугацаанд тус түр хорооны зарим гишүүн нэлээд идэвхтэй ажилласан. Ингэхдээ иргэдээс гарын үсэг цуглуулж, шүүхийн шийдвэрээр ял эдэлж буй хүмүүсийг суллачих мэт ойлголтыг олон нийтэд төрүүлж, хэт улстөржив. Хууль баталдаг хүмүүс нь хуульгүй улсад амьдарч буй мэт дүрэмгүй аашлахыг түр хорооны дарга Ж.Батзандан тэргүүтэн хангалттай харуулах нь тэр. Энэ нь ч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан “УИХ-ын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулж болно. Түр хороо нь мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй” гэх заалтыг зогтусан хүлээж авахад хүргэж буй. Үүгээр хууль тогтоох байгууллагыг мөрдөн шалгах хороо болгочих вий хэмээн болгоомжилж байгаа нь нууц биш.