Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган Монгол Улсын Их Хурлын хуульд заасны дагуу товлосон хугацаандаа өндөрлөх гэж байна. Чуулган өмнөө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, ачаалал ихтэй, шахуу хуваарьтай ажиллалаа.
Нийгэмд шударга ёсыг тогтоох, сахилга хариуцлагыг сайжруулах, ард түмний засаглах эрхийг хангах, парламентын шинэчлэлийг эхлүүлэх ажлын хүрээнд Эрхэм гишүүд Та бүхний хэрэгжүүлсэн хаврын чуулганы үйл ажиллагааг дүгнэж, дараах таван асуудалд Та бүхний анхаарлыг хандуулахыг хүсэж байна.
1. Хууль тогтоох ажилд тооны болон чанарын ахиц дэвшил, өөрчлөлт гарлаа. 2019 оны хаврын ээлжит чуулганы талаарх зарим тоон үзүүлэлтийг дурдъя. Энэ чуулган ажлын 66 өдөр үргэлжилж, чуулганы нэгдсэн хуралдаан 24 удаа 117 цаг хуралдан 118 асуудлыг хэлэлцэн, шийдвэр гаргасан байна. Байнгын хороод 74, дэд хороод 3, түр хороо 9, нийт 86 удаа, 134 цаг хуралдаж, 182 асуудал хэлэлцжээ.
УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулган хааснаас хойш бие даасан 14, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 74, хүчингүй болгох тухай 10 буюу нийт 99 хууль, Улсын Их Хурлын 44 тогтоол баталсан байна. Үүнийг 2018 оны намрын ээлжит чуулгантай харьцуулахад батлан гаргасан хуулийн тоо 50 илүү хувиар нэмэгджээ.
Энэ парламентын үйл ажиллагааг 2012-2016 оны өмнөх парламенттай харьцуулахад тоо болон чанарын том дэвшил гарсан нь энэхүү тоон судалгаагаар нотлогдож байна. Байнгын хороодын болон нэгдсэн чуулганы хуралдаан ирц хүрэхгүйн улмаас байсхийгээд тасалддаг, ирцээ бүрдүүлж, хуулиа батлахын тулд бусдын өмнөөс санал өгдөг гэх мэт өмнөх парламентын хариуцлагагүй байдал энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд засагдаж чадлаа.
Аливаа шинэ зүйлд саад, бэрхшээл тулгардаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд орсон өөрчлөлт мөрдөгдөж, гишүүд ирцэд бүртгүүлэх, үг хэлэх, санал өгөхдөө хурууны хээгээ ашиглаж эхлэх үед ирц багасч, хуралдаан тасалдаж, хуулиа баталж чадахгүйд хүрэх вий гэсэн болгоомжлол байсан. Гэвч эсрэгээрээ ирц ч сайжирч, хариуцлага ч дээшиллээ. Нэгдсэн чуулганы ирц л гэхэд тогтмол 60 хувьтайгаар эхэлдэг боллоо. Энэ бол хууль тогтоох үндсэн үүрэгтээ манай гишүүд хариуцлагатай ханддаг болсны илэрхийлэл, томоохон дэвшил мөн.
2. Ард түмэн, иргэдээ сонсож ажиллахаар парламент, парламентын гишүүд эрмэлзэж ажиллалаа. Гишүүд хууль тогтоох болон хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэд сонгогчдын оролцоог хангах, газар дээр нь ажиллаж санал бодлыг нь сонсох, асуудлаа нээлттэй, хамтран хэлэлцэж, шийдлийг тодорхойлох буюу ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлэх талаар тодорхой алхмууд хийдэг болсон нь энэ чуулганы нэг онцлог байлаа.
Улсын Их Хурал дээр холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэдийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг нийт 11 удаа, нийтийн сонсгол 2 удаа зохион байгуулсан байна. Нийтийн сонсголын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш анх удаа хууль тогтоомжийн төслийн сонсголыг хийлээ. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар хийсэн сонсгол нь хууль боловсруулах ажилд иргэдээ сонссон, бодит үр дүнтэй болсныг онцлон тэмдэглэж байна.
Түүнчлэн хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр ерөнхий хяналтын сонсгол зохион байгууллаа.
Эрүүдэн шүүхийн хохирогчдын эрх, бэлчээрийн ашиглалт хамгаалалтын эрх зүйн орчин бүрдүүлэх, төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гарч буй үр дагавар, АТГ-ын дарга, дэд дарга болон Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, хүүхдийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал зэрэг асуудлаар хийсэн олон нийтийн хэлэлцүүлгүүд үр дүнтэй болсон.
Энэхүү дэвшилт практикийг цааш үргэлжлүүлж, зохион байгуулалт, арга хэлбэртээ шинийг эрэлхийлж, бодитой, тэнцвэртэй, үр дүнтэй болгон сайжруулах, тогтмолжуулах чиглэлээр онцгой анхаарч ажиллах ёстой. Ард түмний төлөөлөл болсон парламент ард түмэнтэйгээ хамтран шийдвэрээ гаргадаг болох нь бидний зорьж буй парламентын шинэчлэлийн нэг хэсэг байх болно.
3. УИХ-ын үндсэн чиг үүргийн нэг нь хяналт юм. Батлан гаргасан хууль тогтоомж маань хэр хэрэгжиж, ямар үр нөлөө үзүүлж байгааг газар дээр нь очиж танилцах, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авах, гарч буй зөрчлийг таслан зогсооход онцгой анхаарах ёстой болжээ.
УИХ-ын гишүүд, УИХ-ын даргын хувьд минйи бие хүүхэд хамгааллын хэд хэдэн байгууллага, ерөнхий боловсролын 133-р дунд сургууль, Туул голын ай сав, эрдэм шинжилгээ, шинжлэх ухааны байгууллагууд, УБТЗ болон УИХ-аас удирдлага нь томилогддог зарим байгууллагын үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилттэй танилцахад энэ чиглэлээр илүү анхаарч хуулийн хэрэгжилтэд хяналт тавихад онцгой анхаарч ажиллах ёстой нь анзаарагдсан.
Хууль хэлэлцэж, батлаад орхисноор үүргээ гүйцэтгэлээ гэж үзэлгүйгээр бидний “бүтээл” амь орж байгаа эсэхийг, амьдрал дээр хуулийн хэрэгжилт ямар байгааг, амьдралд нийцэж буй эсэхийг танилцан мэдэж, хэрвээ асуудал байгаа бол хуульдаа засвар өөрчлөлтийг нэн даруй оруулж байх нь бидний хуулиар хүлээсэн үүрэг мөн.
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нийгэмд шударга ёс тогтоох, хүний эрхийг дээдлэх, хуулийн байгууллагуудын хараат бус байдлыг хангах, шударга шүүхээр шүүлгэх, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрхийг хангахад анхаарч ажилласан.
Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг нэгдсэн чуулганаар сүүлийн арав гаруй жилийн хугацаанд анх удаа хэлэлцэн, Улсын Их Хурлын тогтоол гаргаж тодорхой үүрэг чиглэлүүд өгснийг зориуд цохон тэмдэглэе. Тогтоолын биелэлтэд Хууль зүйн байнгын хороо хяналт тавьж ажиллах ёстойг сануулж байна.
Хуулийн байгууллагын зарим удирдлагыг өөрчилж, нийтийн сонсгол, хэлэлцүүлэг хийх шинэ зарчмаар дараагийн удирдлагыг сонгон томилсон нь хуулийг үл тоомсорлох ёс бус үйлдлийг зогсоох, хууль дээдлэх ёс зарчмыг хэрэгжүүлэх, бэхжүүлэхэд үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.
Улсын Их Хурлын 32 дугаар тогтоолоор С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаарх ОУПХ-ны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Түр хороог байгуулан ажиллуулж байна. Түр хороо 7 удаа хуралдсан. Та бүхнээс тун удахгүй тодорхой санал, дүгнэлт гарна гэсэн иргэдийнхээ хүлээлтийг хангаж, идэвхтэй ажиллахыг Түр хорооны гишүүдээс хүсье.
4. Хэлэлцэн баталсан зарим гол хуулиудын талаар товч боловч хөндөж ярих нь зүйтэй гэж бодож байна. Ард олонд чиглэсэн, ард олныхоо бизнес эрхлэх бололцоо, боломжийг олгосон хууль тогтоомжуудыг бид батлан гаргалаа.
Хүн бүрд бизнес эрхлэх боломжийг нь олгох, татварын дарамтыг бууруулах, нээлттэй болгох, эдийн засгийн хөгжил дэвшил авчрах, төрийн үйлчилгээг шуурхай болгож, ажил үйлчилгээний төвлөрлийг сааруулах, хялбар тогтолцоонд шилжүүлэхэд Татварын багц хуулиуд, Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль чухал үүрэг гүйцэтгэх болно.
Жижиг, дунд бизнесийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг нь сайжруулахад Та бидний хэлэлцэн баталсан Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хууль чухал ач холбогдолтой.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулиар дэлхийн 180 гаруй оронд амжилттай хэрэгжиж байгаа хүүхдийн хоолны жишиг хөтөлбөрийг улс орондоо хэрэгжүүлэх боломж бүрдлээ.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бид хэлэлцэн баталсан. Энэ хууль хэрэгжсэнээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын зарчим, үндсэн чиглэл, зохион байгуулалт боловсронгуй болно.
Үнэ, ханшийн тогтвортой байдлыг хангах мөнгөний бодлого хэрэгжүүлж, инфляцийг зорилтот түвшинд байлгах, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах, төсвийн сахилга батыг сайжруулж, тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулахад үндсэн зорилт чиглэсэн хууль тогтоомжуудыг хэлэлцэн баталлаа.
Хэлэлцэн баталсан хууль, тогтоомжуудын талаар бүгдийг ярина гэвэл ихээхэн цаг хугацаа шаардагдана. Тиймээс үүгээр товчилъё.
5. Төрийн байгууллага, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, ёс зүйг сахин мөрдүүлэх талаар нэгэнт эхэлсэн шинэчлэлийн эрчийг сулруулах ёсгүй гэж үзэж байна.
Тиймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг шинэчлэн боловсруулаад байна. Шинэчлэн боловсруулсан эдгээр төслийг хэлэлцэн, батлуулахаар Ёс зүйн дэд хороонд шилжүүлээд байна.
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар туршлагатай парламентч УИХ-ын гишүүн Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийг томиллоо. Энэ бүхэн “монгол төрийн албан хаагч өргөсөн тангараг, үүрэг хариуцлагатаа эзэн байх ёстой, төрд ёс зүй дутаж байна” гэсэн ард түмний шударга шаардлагад хариу өгөхийн төлөө бидний хийж буй ажлын нэг хэсэг юм.
Төрд, төрийн албан хаагчид ч гэсэн ташуур хэрэгтэй. Ташуурын үүрэг гүйцэтгэдэг бүтэц ажиллуулдаг жишиг дэлхийн олон оронд бий. Бидний өөрсдийгөө хянах хэрэгсэл, ташуур бол ёс зүйн хэм хэмжээг тогтоосон хууль дүрэм, түүнийг хэрэгжүүлэгч бүтэц юм.
Ёс зүйгээ умартсан хэн ч төрийг төлөөлөх эрхгүй гэсэн зарчим цаашид төрийн алба, албан хаагчдад үйлчлэх ёстой. Энэ бол засан цэгцлэх олон асуудлын нэг юм. Цэгцлэх асуудал бидэнд олон байна. Асуудлуудаа цэгцэлж чадвал хөгжил дэвшилд бид цэгцэрнэ. Үүний төлөө ард түмэн бидэнд итгэл хүлээлгэн, хүлээж суугаа.
Эрхэм гишүүд ээ,
Хаврын ээлжит чуулган ийнхүү өндөрлөж байгаа ч ээлжит бус чуулган үргэлжилнэ.
Энэ чуулганы хамгийн гол асуудал нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт байх болно гэдгийг Та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
Иргэд болон улс төрийн нам, олон нийт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ирүүлсэн саналыг нэгтгэх, хэлэлцэх, төсөлд тусгах ажил цаашид үргэлжилнэ. Бид төслийг боловсруулах, хэлэлцүүлэх үйл ажиллагаанд “Долоо хэмжиж нэг огтлох” зарчмаар хандаж байгааг өмнө хэлж байсан. Энэ зарчим цаашид ч хадгалагдах бөгөөд санал бодол, шүүмж сануулга бүхэнд нэн анхааралтай хандах болно гэдгийг тэмдэглэн хэлье.
Эцэст нь, Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилттэй холбоотой УИХ-ын шийдвэрийн төсөл боловсруулж, хэлэлцүүлэх ажлын хэсэгт ажлаа шуурхайлах, түргэтгэх чиглэл өгч байна. Энэ бол хариулт, шийдэл нэхсэн олон асуудлын нэг гэдгийг сайтар ойлгох ёстой. Шийдвэрийн төслийг УИХ-ын Байнгын хороо хэлэцэж, чиглэлээ гаргах ёстой гэдгийг тэмдэглэж байна.
Эрхэм гишүүд ээ,
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган хаасныг мэдэгдье.