Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
СТАНЦУУД 20-ИОС ДООШГҮЙ ХОНОГИЙН НҮҮРСНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛНЭ
Эрчим хүчний үйлдвэр, компаниудын үндсэн болон туслах тоноглолын засвар үйлчилгээ, хөрөнгө оруулалтын ажил зэргийг хугацаанд нь хийж дуусгахыг сайд Ц.Даваасүрэнд, дулааны цахилгаан станц, дулааны станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрс нөөцлөх, нүүрс тээвэрлэлтийг тасралтгүй, найдвартай байлгах, ослын үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болгов. Мөн аймаг, нийслэлийн ОСНАА-н байгууллагуудын ус хангамж, ариутгах татуургын систем, дулааны станц, халаалтын зуухны засвар, туршилт тохируулгын ажлыг хугацаанд нь чанартай хийхийг даалгасан. Түүнчлэн цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн уурын зуухны янданд есдүгээр сарын 15-ны дотор утаа шүүгч суурилуулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн дэргэд 300 мянган тонн, Төв аймаг дахь дундын агуулахад 700 мянган тонн түүхий эд татаж төвлөрүүлэх, 200 мянган тонн сайжруулсан шахмал түлшний бэлэн нөөцтэй болгох чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өглөө.
МАЛЫГ АМЬДААР НЬ ЭКСПОРТОД ГАРГАХГҮЙ
Малыг амьдаар нь экспортод гаргахгүй байхыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайдад үүрэг болголоо. Малыг амьдаар нь экспортод гаргах талаар үе үеийн Засгийн газар тогтоол гаргаж байжээ. Тухайлбал, 2014 онд Н.Алтанхуяг, 2015 онд Ч.Сайханбилэг, 2017 онд Ж.Эрдэнэбат нар Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа, 2017 онд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа ийм тогтоол гаргасан гэж Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлэв.
Цаашид махыг үйлдвэрийн аргаар бэлтгэх хүчин чадлыг нэмж, зургаан үйлдвэр шинээр барих, одоо ажиллаж буй 130 гаруй үйлдвэр, цехийн хүчин чадлыг бүрэн ашиглах, махны экспортыг өсгөх зорилгоор ОХУ, БНХАУ, Казахстан, Узбекистан, Иран Улстай мал эмнэлгийн сертификат тохиролцох зэрэг ажил хийж байгаа аж. Үүний хүрээнд хот орчимд мах бэлтгэхгүй байх, мах боловсруулах үйлдвэрүүдийг малаар хангах хуваарийг аймаг, сумаар нь гаргах, орон нутагт бол мал эмнэлгийн хяналт дор мах бэлтгэдэг байх зэрэгт анхаарч эхэлжээ.
Мал амьдаар нь экспортлохтой холбоотой дээрх тогтоолуудыг цэгцлэх, нэмүү өртөг шингэсэн, үйлдвэрийн аргаар бэлтгэсэн махны экспортыг нэмэгдүүлэх, ирэх жил гурил, махны үнэ тогтвортой байхад онцгой анхаарахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт үүрэг болгов.
ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТЫН БЭЛТГЭЛИЙГ ХАНГАНА
Отрын бүс нутгийн ашиглалтын нөхцөл, үйлчилгээг сайжруулж, оторлох мал сүргийг үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга зэрэгт бүрэн хамруулж, тууврын замд хяналт тавихыг сайд Ч.Улаанд даалгав. Өвөл, хаврын улирлын бэлчээрийн даацад тохируулан малын тоог бууруулах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, нөөцийн мах бэлтгэлд эртнээс анхаарахаар боллоо. Түүнчлэн өвөлжилт, хаваржилт болон цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой бэлтгэл ажлаа хангах, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг заасан хэмжээнд бүрэн бүрдүүлэх зэргийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгов.
ХОНКОНГ ДАХЬ ЕРӨНХИЙ КОНСУЛЫГ ЭРГҮҮЛЭН ТАТАВ
Монгол Улсаас БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгод суугаа Ерөнхий консул С.Эрдэнийг эргүүлэн татав. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тамхи тээвэрлэх болон бусад хууль бус үйлдэл, хэрэг, зөрчилд нэр холбогдсон ч одоо дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа хүмүүсийг Засгийн газар эргүүлэн татаж, төрийн албанаас нэн даруй чөлөөлөн, хариуцлага тооцож эхэлсэн. С.Эрдэнэ нь Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа тамхи тээвэрлэсэн хэргээр 2004 оны есдүгээр сард ХБНГУ-д саатуулагдан шалгагдаж байжээ.
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН БОЛОН БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙГ НЭГТГЭНЭ
Үлэг гүрвэлийн музейг ирэх сарын 1-нээс Байгалийн түүхийн музейд нэгтгэхээр шийдвэрлэв. Байгалийн түүхийн музейн захиргаа, сан хөмрөг, эд хөрөнгийг Үлэг гүрвэлийн төв музейн барилгад шилжүүлэх юм. Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж, оронд нь Чингис хааны музей барьж ашиглалтад оруулах хүртэл нэгтгэсэн музей сан хөмрөгөөрөө иргэдэд үйлчилнэ.
Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяанд их эзэн Чингис хааны музей байгуулахтай холбогдуулан бусад музейд байгаа их хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг музейн сан хөмрөгт шилжүүлэн, хувь хүнээс худалдаж авч, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа дурсгалуудын хуулбарыг байршуулахаар боллоо. Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг буулгаж, тухайн газарт Чингис хааны музей барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгах юм.
Чингис хааны музей байгуулах нь эх оронч үзлийг дэлгэрүүлэх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэхэд чухал хувь нэмэртэйгээс гадна аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх боломж гэж тооцоолж байна.
“ЖАСТ”-ЫН Ш.БАТХҮҮГИЙН ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТЫГ ИЛ БОЛГОВ
“Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрсдэлийн сангаас “Стандарт” банканд төлсөн 40 сая ам.долларын төлбөрийг “Жаст” группийн захирал Ш.Батхүүгээс гаргуулж, төрийг хохиролгүй болгох бүрэн боломжтой гэдэг байр суурийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ илэрхийлэв. Тэрбээр Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг дэлгэсэн бөгөөд түүний нэр дээр байгаа болон бусдад түр гэрээгээр шилжүүлсэн ШТС-ууд, орон сууц, автомашин зэрэг 190-ээд тооны, нийт 98 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар “Эрдэнэт үйлдвэр”-т 40 сая ам.долларыг буцааж төлүүлэх бүрэн боломж байгаа гэв.
Олон нийтийн дунд ихээхэн хардлага төрүүлэх болсон энэ асуудал шүүх, прокурорын шатанд хэрхэн шийдэгдэхээс цаашид олон зүйл шалтгаална. Тиймээс төрийг хохиролгүй болгох тал дээр шударга ажиллахыг хууль, хяналтынханд уриалах, хууль бусаар төрөөс их хэмжээний бонд, зээл авчихаад өдий хүртэл эргэн төлөхгүй байгаа нэр бүхий хүмүүст анхааруулахын тулд “Жаст” группийн эд хөрөнгийн жагсаалтыг олон нийтэд ил болгож байна хэмээн Л.Оюун-Эрдэнэ сайд онцолсон.
Бэлтгэсэн: А.Амина