Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа. Тэрбээр "Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Шийдвэрлэх асуудлууд нэлээдгүй байгаа. Дууссаны дараа сайд нар мэдээлэл хийх байх. Миний хувьд Жастын Ш.Батхүүтэй холбоотой мэдээллийг хүргэе. Ш.Батхүүгийн хөрөнгийг битүүмжилсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Үүнийг нууцын зэрэглэлээс гаргах ёстой гэсэн шаардлага удаа дараа ирсэн. Иймд ХЗДХ-ийн сайдын өргөн барьсан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль зэргийн давхцлыг арилгах гэсэн хуулийн төслийг яг одоо хэлэлцэж байна. Үүн дээр яригдсан нэг зүйл бол АТГ-аас ЗГХЭГ-т хүсэлт гаргаж, Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг гаргаж өгсөн. Одоогийн байдлаар "Жаст" группын Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд 185 объект бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, 98 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөрөнгө одоог хүртэл түүнд байгаа гэж үзэж болохоор байна. Харамсалтай нь, ШТС-ууд нь үйл ажиллагаагаа явуулсаар байгаа хэрнээ мөнгөгүй гэж хэлээд сууж байгаа юм. Ийм байдлаар төрийн мөнгийг үнэгүйдүүлсэн бүлэг хүмүүс байна. Жишээлбэл, Хөгжлийн банкнаас зээл авахдаа анхнаасаа эргэж төлөхгүй гэсэн бодолтой байсан. Тэд өөрсдийгөө шүүхэд өгчих гэдэг. Авсан зээлийнхээ 15-20 хувийг шүүгч нартаа авлига болгож өгөхөөр хэрэг үндсэндээ дарагдаж байгаа гэсэн үг. Үүнийг мөнгө угаах схем гэж олон улс үздэг. Монгол Улсын шүүхээр мөнгө угаалттай холбоотой нэг ч хэрэг шийдээгүй.
Ш.Батхүү бол Монгол Улсыг 160 орчим сая ам.долларын төлбөрт унагасан хүн. Үнэхээр гарын үсгийг дуурайлгаж зурсан уу эсвэл тухайн үеийн Ерөнхий сайдтай үгсэн хуйвалдсан уу гэдгийг хуулийн байгууллага одоог хүртэл илрүүлэхгүй байна. Гэхдээ уг хохирлыг төлүүлэх Ажлын хэсгийг байгуулсан. Төрийн өмчийн хороог хохирогчоор оруулна. Дахин хуулийн байгууллагад хандана. Энэ хэргийг заавал шийдэх ёстой" гэв.