Монгол Улсад айлчилж буй АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Х.Баттулга “Энэхүү айлчлал нь АНУ-ын зүгээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд ач холбогдол өгч буйн илрэл” гээд, АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан компакт гэрээ хоёр орны хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй болохыг тэмдэглэв.
Мөн тэрбээр АНУ-ын Конгресст дахин өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны тухай хууль нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт ажлын байрыг олноор нэмэгдүүлэхээс гадна Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой болохыг дурдаад, хуулийн төсөлд анхаарал хандуулж ажиллахыг Жон Болтоноос хүслээ.
Энэ удаагийн айлчлал нь хоёр орны эдийн засаг, цэргийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, мөн бусад салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал бодлоо солилцох боломж гэж үзэж буйгаа Жон Болтон илэрхийлээд, хоёр улсын цэргийн хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлов. Түүнчлэн АНУ-ын зүгээс Монгол Улсын зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ илэрхийлсэн.
Уулзалтын үеэр талууд хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын хүрээнд санал солилцож, бүс нутгийн аюулгүй байдал, тэр дундаа эрчим хүчний салбарын асуудлаар ярилцав.
АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн хүлээн авч уулзсан. Талууд харилцан итгэлцсэн, найрсаг харилцааг стратегийн түвшинд хүргэх, үүний хүрээнд өргөтгөсөн иж бүрэн түншлэлийг бэхжүүлж, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, улс төр, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх, Монгол Улс, АНУ хоорондын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалыг бодитойгоор хэрэгжүүлэх, шинэ салбаруудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш, ойрын түнш орон бөгөөд АНУ-тай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч ирснийг тэмдэглээд, Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийг бататгах, зах зээлийн эдийн засагт шилжин, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм байгуулах, тулгарч буй сорилт, бэхшээлийг даван туулахад АНУ эхнээс нь тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийллээ. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Дэд Ерөнхийлөгч М.Пэнс нар Монгол Улсад айлчлах урилгатайг энэ үеэр Ерөнхий сайд онцолсон.
Жон Болтон Монгол Улсад айлчилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, Дэд ерөнхийлөгч М.Пенсийн мэндчилгээг Ерөнхий сайдад уламжлаад, “АНУ нь Монгол Улсыг тус бүс нутаг дахь чухал түнш, дотнын анд хэмээн үздэг. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө байдаг” гэв.
Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Далайд гарцгүй манай орны хувьд экспортын бүтээгдэхүүний хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч байгаа бөгөөд тарифын болон тарифын бус зарим нэг саад бэрхшээл бий. Манай улс эрдэс баялгийн нөөц, хэмжээгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Тиймээс хөрөнгө оруулалт болоод техник, технологийн хамтын ажиллагаанд бид ихээхэн анхаарал хандуулж ирлээ. АНУ энэ чиглэлээр бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна” хэмээсэн. Мөн тэрбээр “Бид БНАСАУ-тай найрсаг харилцаатай. Тиймээс АНУ, БНАСАУ-ын дараагийн дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах боломжтой” гээд, энэ талаар санаа тавихыг Жон Болтоноос хүсэв. АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөх үүнийг анхааран судалж үзэхээ мэдэгдсэнээр уулзалт өндөрлөлөө.
Болтон айлчлалынхаа төгсгөлд сэтгүүлчидтэй уулзахдаа “Айлчлал амжилттай болсон гэж би дүгнэж байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Кэрри 2016 онд айлчилснаас хойших, АНУ-ын Төрийн дээд албан тушаалтны анхны айлчлал боллоо. Хоёр орны Ерөнхийлөгч нарын уулзалт ойрын ирээдүйд амжилттай болно гэдэгт итгэлтэй байна” гэв.