УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр "УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зүйл заалт бүрээр нь хэлэлцэнэ. Өнгөрсөн долоо хоногт гишүүд хөдөө, орон нутагт ажиллаж, иргэдийн саналыг авсан. Өнөөдрийн хурлаар зарчмын зөрүүтэй саналын талаар хэлэлцэж байна. Гишүүдийн хувьд дөнгөж сая "Сонгуулийн тогтолцоо" гэдэг үгийг хасъя гэдэг байр суурь дээр нэгдэж байх шиг байна. Бүлгийн хурал одоо ч үргэлжилж байгаа. 15.00 цагаас үргэлжилж хуралдаад нэгдсэн байр суурьд хүрнэ.
Бид хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг 2019 оны долдугаар сарын 05-ны дотор хийж дуусгах бодолтой байгаа. Гэхдээ их хэцүү. Учир нь саяхан мөрдөж эхэлсэн шинэ дэгийн журмаар үг хэлэх, асуулт асуух хугацаа 10 минут, хариулах нь ч мөн 10 минут болж уртассан. Гэхдээ төлөвлөж буй хугацаандаа амжуулвал энэ сарын 7, 8-нд хуралдах УИХ-ын чуулганаар гурав дахь хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр шилжүүлэх үү, ард түмний санал асуулга явуулах уу гэдгээ шийдвэрлэх боломжтой болох юм.
Үндсэн хуулийн журмын хуулиар өргөн баригдсан 25 заалт бий. Нэг бүрчилж үзвэл 55 заалт байгаа. Үүний хүрээнд л асуудлыг ярина. Өөр зүйл ярихгүй.
Нэгдүгээрт, намын хувьд улс төрийн нам зөвхөн улс төрийн л үйл ажиллагаа явуулна. Нэг хүний нам болгохгүй. Мөн санхүүжилт ил тод, олон нийтэд нээлттэй байх ёстой. Тэрнээс биш сошиалаар яригдаад байгаа шиг орон даяар салбартай байна гэсэн заалт огт байхгүй.
Хоёрдугаар, байгалийн баялаг дээр их олон зүйл ярьсан. 6.2 гэдэг заалт дээр ажлын хэсэгт үүрэг өгөн, томъёоллоор эцэслэж шийдвэрлэнэ" гэв.