УИХ-ын гишүүн Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал бол Ерөнхийлөгч нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн явдал байлаа. УИХ-ын нэр бүхий таван гишүүн Улсын Дээд шүүхийн шүүгч болон Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч зэрэг нэр бүхий найман шүүгчийг чөлөөлөх шаардлагатай гэдэг бичгээ хуулийн байгууллагуудад хүргүүлсэн. Өнөөдрийн хувьд авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нэр бүхий албан тушаалтнууд гадны улсууд руу зугтсан талаарх мэдээллийг хүргэж байна. Тухайлбал, АТГ-аас Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл надад ирсэн. Лайваар дамжуулж эдгээр хүнийг Монголдоо ирж, АТГ-т мэдүүлэг өгөхийг уриалж байна. Мөн бүрэн эрхээ түдгэлзүүлсэн нэг шүүгч хилээр гарсан гэх мэдээлэл ч ирлээ. Тэдэнд яаралтай хилийн хориг тавих шаардлагатай. Мөн ЦЕГ-аас Ц.Элбэгдорж, Ц.Сандуй тэргүүтэй хүмүүсийг яаралтай эрэн сурвалжилж Монголд авч ир хэмээн шаардаж байна.
Хоёрдугаарт, манай улсад нүүрлэж буй хамгийн том асуудал нь саарал жагсаалт болоод байна. Бид 2004 оноос хойш мөнгө угаах гэмт хэргийг ганц ч удаа үнэн мөнөөр нь шийдээгүй тул Олон улсын байгууллагууд биднийг саарал жагсаалтад оруулж байна. ХХБ, Голомт банкны захирлууд хууль бусаар мөнгө угаасан байж болзошгүйг ч анхааруулсаар байгаа. Хэрэв Монгол Улс "Саарал жагсаалт"-д орвол ард иргэдийн валютын бүх гүйлгээ зогсож, долларын ханш 7-10 мянган төгрөгт хүрнэ" гэлээ.