Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, зарим шүүхийн ерөнхий шүүгч, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэв. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны зургадугаар сарын 26-ны саналыг үндэслэн нэр бүхий 17 шүүгч өнөөдрөөс ажилгүй боллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатараас энэ талаар тодруулсан юм.
-Ерөнхийлөгчийн зарлигт “Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэсэн” гэж дурджээ. Шүүхийн ерөнхий зөвлөл ямар санал гаргасан юм бэ?
-УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд 2019 оны гуравдугаар сарын 27-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг хуулийн 17.1.8- д Үндэсний аюулгүй байдлын зөвлөл зөвлөмж гаргасан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр заасан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл уржигдар хуралдаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмж гарган, манайд ирүүлсэн. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж, уг зөвлөмжийн дагуу дээрх шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн.
-Үндэслэл нь юу байсан юм бол?
-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмж болон холбогдох материалыг нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаан хаалттай болдог. Иймд хуралдааны үеэр ярьсан асуудал болон шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийг мэдээлэх боломжгүй.
-Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын таван шүүгч “хар жагсаалтад” багтжээ. Үүнтэй холбоотойгоор өчигдрийн бүх шүүх хурлыг цуцалсан байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн үйл ажиллагаа тасалдахад хүрлээ. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
-Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүгч гэж томилдоггүй. Иймд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч дахин хуваарилалт хийж, хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулах боломжтой. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд дэх хэргүүдийг бусад шүүгчид хуваарилж байна. Шүүн таслах ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ гэв.
Бидэнд ирсэн мэдээллээр эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн 11 нь 2016-2017 онд Салхитын мөнгөний орд газрын маргааныг шийдвэрлэхэд оролцсон юм байна. Тэдний зарим нь дээрх хэргийг шийдэхдээ хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-т шалгуулж буйг эх сурвалж хэлэв. АТГ-аас эл хэргийг шалгаж дууссаны дараа шүүгчид ажилдаа буцаж орох, эсэх нь шийдэгдэх юм. Уг хэргийн талаар эргэн сануулъя. Салхитын мөнгөний ордыг эзэмшигч, иргэн Ш.Мөнгөншагайгийн нэхэмжлэлээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх эл хэргийг 2016 оны арваннэгдүгээр сарын 28-нд шийдвэрлэсэн аж. Уг нэхэмжлэлд “БНХАУ-ын иргэд миний гарын үсгийг хуурамчаар үйлдэж, “Жи Пи Эф” компанийн эрхийг шилжүүлэх болон хувьцааг худалдан авах гэрээ хийсэн” гэж дурджээ. Шүүх бүрэлдэхүүн “Жи Пи Эф” компанийн захирлын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн” гэх Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтэд үндэслэн, Ш.Мөнгөншагайгийн нэхэмжлэлийг хангасан аж. Харин давж заалдах шатны шүүх эл хэргийг 2017 оны хоёрдугаар сарын 1-нд хэлэлцэж, “Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/06782 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулах магадлал гаргажээ. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б тухайн үед гомдол гаргаснаар эл хэргийг 2017 оны тавдугаар сарын 16-нд Дээд шүүхэд хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон юм. Гурван шатны шүүхийн шийдвэр гарсны дараа Ш.Мөнгөншагай Дундговь аймгийн Гурвансайхан сум дахь “Жи Пи Эф” компаниийн эзэмшлийн Салхитын мөнгөний орд газраа БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Амин билэгт” компанид худалдсан аж. Үйл явдал ингэж өрнөжээ. Улмаар 2018 оны арванхоёрдугаар сарын 29-нд УИХ-ын дарга Г.Занданшатар тухайн үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймгийн прокурорын хяналтад тусгай ажиллагаа явуулж, Салхитын мөнгөний ордыг төрийн мэдэлд авсан билээ.
“Салхитын орд, долоон шүүгч, 125 сая ам.долларын талаар мэдээлэл хийгээгүй”
“Салхитын мөнгөний ордтой холбоотойгоор долоон шүүгч 125 сая ам.долларын авлига авсан нь батлагдсан” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээсэнд УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар тайлбар, няцаалт хийжээ. Тэрбээр “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн санаа бодлыг сонсох ажлыг УИХ-ын гишүүд тойрогтоо зохион байгуулж байна. Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх олонх нь өөрчлөлтийг хугацаа алдаж, хойшлуулалгүй хийх нь зөв гэж дэмжиж буй. УИХ-ын дарга Г.Занданшатар ч ийм уулзалтууд хийж байгаа билээ. Энэ үеэр төрд хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх, засаглалын институцүүдийн харилцан хяналттэнцэл, төрийн тогтвортой байдлыг хангах талаар голлон тайлбарласан. Түүн дотроо УИХ-ын гишүүдийн хариуцлагыг сайжруулах, шүүх эрх мэдлийн байгууллагад шударга ёсыг бэхжүүлэх, хараат бус байдлыг хангах чиглэлээр иргэдийн тавьсан асуултад хариулах үеэрээ онцолж ярьсан юм. Иргэдээс шүүх байгууллагыг шинэчлэх, шүүгчийн ёс зүйг зөрчсөн этгээдүүдэд хатуу хариуцлага тооцдог болох, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг байх талаарх асуудлыг олонтоо хөндөж байгааг тэрбээр хэлж, эдгээрийг дэмжиж байгаа талаарх байр сууриа илэрхийлсэн. Түүнээс Салхитын мөнгөний ордыг хууль бусаар өмчлөх гэсэн этгээдүүдээс долоон шүүгч 125 сая ам.долларын авлига авсан тухай яриагүй болно. Ийнхүү зориуд санаатайгаар гуйвуулсан мэдээлэл тарааж байгаад харамсаж, албан ёсны няцаалт хийж байна. Шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэмтэн, буруутан гэж үзэх ёсгүй билээ” гэж тайлбартаа дурджээ.