“Шилэн нам” авлигын эсрэг түншлэл, “Транспэрэнси интернэшнл-Монгол”, АТГ хамтран Европын холбооны дэмжлэгтэйгээр “Улс төрийн намын тухай хуулийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга замууд” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Оролцогчид Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцохын зэрэгцээ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгасан улс төрийн намын санхүүжилттэй холбоотой зорилтуудын хэрэгжилтийн талаар хөндсөн.
Тухайлбал, улс төрийн намын санхүүжилтийн талаарх тусгайлсан илтгэлийг МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн ахлах багш Б.Эрдэнэдалай танилцуулж, улс төрийн намын зарим төлөөлөл байр сууриа илэрхийлж, оролцогчдын асуултад хариулт өгсөн юм. Судлаач Б.Эрдэнэдалай Монголын намуудыг санхүүжилтийн хувьд хагас ардчилсан хэмээн тодорхойлоод, “Намууд гишүүдээ сонгуулийн өмнө ашигладаг, “хөөс” байдлаар ханддаг нь олон талаар ажиглагддаг. Гишүүдийнх нь албан ёсны тоог тодруулахад хариулт өгдөггүй. Санхүүгийн мэдээллээ бүр ч ил болгодоггүй. Уг нь хэдэн зуун мянган гишүүнтэй гэгддэг намууд зөвхөн гишүүдээсээ татвараа авч чадвал компани, бусад ашиг сонирхол бүхий байгууллагаас ангид байх боломжтой. Гэтэл тэд гишүүдээсээ татвар авахыг урьтал болгодоггүй” гэв. Ингэхдээ тэрбээр намууд сонгуулийн болон сонгуулийн бус аль ч цаг үед хуулийн этгээд буюу компаниудаас хандив авахыг хуулиар хориглох шаардлагатайг хэлж байлаа. Ингэвэл намууд олон нийтээс буюу жирийн гишүүдээс авах санхүүгийн болон бусад дэмжлэгтээ илүү анхаарал хандуулах боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр онцолсон.
Түүний тавьсан илтгэлтэй холбогдуулан МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл “Улс төрийн намын тухай хуулийн шинэ чилсэн найруулгын төсөлтэй сайтар танилцаж амжаагүй байна. Ер нь улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох үйл явцыг манай нам дэмжиж ирсэн. Манай намд парламент дахь суудлын тоогоор олгодог төсвийг өдөр тутмын үйл ажиллагаа, ажилчдынхаа цалинд зарцуулдаг. Сонгуулийн өмнө санхүүгийн тайлангаа хуулийн дагуу тайлагнадаг. Жишээ нь, сая Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулахтай холбоотойгоор 2018 оны тайлангаа төрийн аудитын байгууллагад хүргүүлсэн. Бусад үед ч хувийн аудитын байгууллагаар санхүүгийн үйл ажиллагаагаа байнга хянуулдаг. Үүнээс гадна намын дотоод хяналтын байгууллага хагас жил тутам санхүүгийн шалгалт хийдэг” гэсэн бол АН-ын нарийн бичгийн дарга Д.Оросоо “Манай нам бусад намтай харьцуулахад сонгуульт албан тушаалд өрсөлдөгчдөөсөө ил тодоор хураамж авдаг. Жишээ нь, ҮБХ-ны гишүүнд өрсөлдөх хүнээс гурван сая төгрөгийн хураамж авдаг. Үүнийгээ тухайн сонгуулийн үйл ажиллагаанд зарцуулдаг. Энэ нь авлигыг бууруулах ач холбогдолтой. Гишүүдээс багахан хэмжээний татвар цуглуулчихаад олны өмнө хангалттай байгаа мэт дүр үзүүлчихээд, нууцаар хувь хүн, байгууллагаас хандив, тусламж авсны оронд хүн бүрээс төдөн төгрөгийн хураамж татаж, ийм зүйлд зарцуулна гэдгээ ил зарлачих хэрэгтэй. Тэгээд ч манай нам гишүүдээсээ татвараа жигд авч чадаж байгаа. Учир нь манай намын гишүүн хэн боловч татвараа төлсөн тохиолдолд л аливаа сонгуульд санал өгөх дүрэмтэй” хэмээсэн. Түүнчлэн тэрбээр сонгуулийн үеэр компаниуд хуулиар тогтоосон хандивын хэмжээнд захирагдсан хувь хүмүүс, ажилчдынхаа нэрээр улс төрийн намд хандив өгдгийг дурдаад, үүний оронд компани, хуулийн этгээдийн хандивын хэмжээг нэмэгдүүлж, илүү ил тод болгох ёстой хэмээн судлаач Б.Эрдэнэдалайгаас эсрэг байр суурьтай буйгаа илэрхийлсэн юм.
Мөн ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга “Намуудад төсвөөс тодорхой хэмжээний дэмжлэг өгөх нь зөв. Бусад улсын жишиг ч ийм байдаг. Харин төсвийн дэмжлэгийг тодорхой босготойгоор өгөх ёстой. Мөн дэмжлэгийг бэлэн мөнгөөр өгөх шаардлагагүй. Үүнийхээ оронд улс төрийн намуудад МҮОНТ-ээр хэлэлцүүлэг хийх эрх олгож яагаад болохгүй гэж. Манай нам өнгөрсөн жил гэхэд л 40 сая төгрөгөөр үйл ажиллагаа явуулсан. Хөдөө орон нутагт салбар, нэгжгүй болохоор ийм хэмжээний хөрөнгө зарцуулсан байж ч магадгүй. Үүнээс гадна бодлогын нам болохын тулд дэргэдээ заавал судалгааны байгууллагатай байна гэдэг юу л бол. Манай нам ийм судалгааны төв байгуулж, хөтөлбөрөө боловсруулсан туршлагатай. Бэрхшээл их байдаг юм билээ” гэж байлаа.