Өнөөдөр УИХ-ын гишүүн А.Ундраа Бутаны Хаант Улсын хатагтай Пунцог Чоден Церин тэргүүтэй Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн А.Ундраа Бутан улсын төлөөлөгчдийг “Эмэгтэйчүүд – Манлайлал” 2019 олон улсын чуулганд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшин дэхь эмэгтэйчүүдийн асуудлаар санал солилцсон юм. Түүнчлэн тэрээр өөрөө санаачлан Монгол улсдаа хэрэгжүүлсэн НҮБ-ын “HeForShe” олон улсын тэгш эрхийн хөдөлгөөнд нэгдэн орохыг уриалж, хөдөлгөөний үзэл баримтлалыг тууштай дэмжин, төлөөлөл болж чадах хүнд дамжуулан өгнө үү хэмээн энгэрийн тэмдэг дурсгасан юм. Монгол Улсын шат шатны сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид тулгардаг сорилтуудын талаар болон хоёр орны хувьд ижил төстэй асуудлуудыг ярилцлаа.
Бутан Улсын төлөөлөгч хатагтай Пунцог Чоден Церин Монгол улсад хийж байгаа айлчлалдаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд, өөрийн улсад эмэгтэй парламентчдийн бүлэг байгуулах хүсэлтэй байгаагаа уламжиллаа. УИХ-ын гишүүн А.Ундраа эмэгтэй гишүүдийн бүлэг байгуулах санаачлагыг дэмжиж, сайн туршлагаасаа хуваалцаж, туслаж дэмжихээ илэрхийлэв.
Үүний дараа УИХ-ын гишүүн, НББСШУБ хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Б.Ундармаа нар Бутаны хаант улсын Парламентын төлөөлөгч эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзлаа. Монгол Бутаны харилцаа, Парламентын түүхийг шинэ шатанд гаргаж анх удаа Бутаны эмэгтэй гишүүд хүрэлцэн ирж байгаад талархаж байгаагаа УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлгийн даргын хувьд илэрхийллээ. Монголын эмэгтэй гишүүд хэрхэн ажилладаг болон ямар шалгууруудыг даван туулж эмэгтэй гишүүд хүлээн зөвшөөрөгдөж, өнөөдөр 13 буюу хамгийн олон эмэгтэй гишүүдтэй энэ удаагийн Их хуралд ажиллаж байгааг онцолж, туршлагаасаа хуваалцсан юм. Нийгэм, эрүүл мэнд, боловсрол, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг тодорхой ажлуудыг хийж, хуулийн төсөл эмэгтэй гишүүд санаачлан ажиллаж байгаа тухайгаа танилцууллаа. Мөн энэ цаг үед Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл хэлцэгдэж эхэлсэн. Уг төсөлд эмэгтэйчүүдийн дуу хоолой, санал бодол туссан гэдгийг тодотгож байлаа.
Бутан эмэгтэй гишүүдийн хувьд Эмэгтэйчүүд-Манлайлал олон улсын чуулганыг Монгол орон амжилттай зохион байгуулж, үр дүнтэй чуулган болсныг онцоллоо. Бутаны Парламентын дээд, доод танхимын эмэгтэй гишүүд нам харгалзахгүй хамтран ажиллаж, эмэгтэйчүүд хоорондоо өрсөлдөх биш хүчээ нэгтгэн ажилдаг гэлээ. Монголын Парламентын эмэгтэй гишүүд олон асуудалд анхааран ажиллаж, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэдгийг харж байна. Та бүгдээс туршлага судалж байгаадаа талархаж байгаа илэрхийллээ. Цаашид 2 улсын эмэгтэй гишүүд нягт хамтран ажиллах болно гэж талууд уулзалтын төгсгөлд онцоллоо.