АНУ-ын Ерөнхийлөгчийн 2016 оны сонгуульд хөндлөнгөөс Оросын оролцоо байсан гэх хэргийг мөрдөн шалгасан тусгай прокурор Роберт Мюллер АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хууль эрх зүйн болон тагнуулын тусгай хороодын хамтарсан хуралд нээлттэй үг хэлэх болсон тухай тус хороодын төлөөлөгчид өчигдөр мэдэгджээ. “Роберт Мюллер Төлөөлөгчдийн танхимын хууль эрх зүй болон тагнуулын хороодын хуралд үг хэлэхийг зөвшөөрсөн. Хурал 2019 оны 7-р сарын 17-нд болно” гэжээ. Конгрессын гишүүдийн бодлоор “Америкчууд мөрдөн шалгах ажлын үр дүнг тусгай прокуророос өөрөөс нь сонсохыг хүсэж байгаа” аж. Тусгай прокурор Мюллер уг сонсголд сайн дураараа бус харин зарлан дуудах бичгээр ирж буйг мэдэгдэлд онцолжээ. Өнгөрсөн тавдугаар сард “Washington Post” сонин Роберт Мюллерын Төлөөлөгчдийн танхимд үг хэлэх асуудал мухардалд ороод байгаа тухай бичсэн юм. Нийтлэлд бичсэнээр Конгрессын гишүүд болон тусгай прокурор илтгэлийн аль хэсэг нээлттэй, ямар хэсэг хаалттай явах асуудал дээр тохиролцоонд хүрээгүй аж. Энэ оны дөрөвдүгээр сарын 18-нд АНУ-ын Хууль зүйн яам тусгай прокурорын эцсийн тайланг нийтэлсэн билээ. Илтгэлд АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн явцад ОХУ нөлөөлөхийг оролдсон гэж үзжээ. Ингэхдээ мөрдөн шалгалт Дональд Трампыг Оростой хуйвалдсаныг олж тогтоогоогүй талаар Мюллер хэлсэн юм.