АНУ-ын тэргүүн хатагтайн бие төлөөлөгч Стефан Гришэм Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч болсон тухай Мелани Трамп өөрийн Твиттер хуудсаараа мэдэгджээ. “Ерөнхийлөгч бид хоёр манай төр захиргааны албанд түүнээс илүү тохирох хүнийг төсөөлөхгүй байна” гэж тэргүүн хатагтай бичсэн байна. Мелани Трампын туслах болохоосоо өмнө Гришем янз бүрийн албан тушаалтнуудын тухайлбал АНУ-ын Ерөнхийлөгчийн 2012 оны сонгуульд нэр дэвшиж байсан Митт Ромнигийн хэвлэлийн төлөөлөгчийн албыг хашиж байжээ. Цагаан ордны өмнөх хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс энэ сарын сүүлээр албан тушаалаа өгөх бөгөөд урьд нь мэдэгдэж байснаар Арканзас муж руугаа буцах аж. Ерөнхийлөгч Трамп түүнийг албан тушаалаа өгч байгааг зарлахдаа Сандерсийг Арканзас мужийн амбан захирагчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Харин Сандерс өөрөө гэр бүл үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөхийг илүү хүсэж байгаагаа хэлээд цаашид ч Трампыг дэмжих болно гэдгээ амласан. Тэрээр сүүлийн саруудад сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн хурлыг явуулахаа больсон бөгөөд Ерөнхийлөгч Трампын хэлснээр бол хэвлэл мэдээллийнхэн Сара Сандерст шударга бус хандсан учраас тэр аж. Шинэ хэвлэлийн төлөөлөгч өөрийн ажилдаа 7-р сарын нэгнээс орох аж. Ингэхийн хажуугаар Гришем тэргүүн хатагтайн бие төлөөлөгчийн албыг давхар гүйцэтгэх юм байна.