Энэ дөрвөн жилд хууль тогтоох чиглэлээр эрх баригч хүчний хийх ёстой хамгийн том ажил нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах. Учир нь тэд 2016-2020 онд хэрэгжүүлэх Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Эрх мэдлийн харилцан хяналттай, тогтвортой, хариуцлагатай төр бий болгохын төлөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан ард түмнээсээ асууж, шийдвэрлэнэ” хэмээн заасан. Үүнээс ч том шалтгаан бий. Шилжилтийн үеийн Үндсэн хуулиа сайжруулах, өнгөрсөн хугацаанд холилдож, бантагнасан төрийн тогтолцоог засах зайлшгүй шаардлага байна гэж улстөрчид, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийнхэн бүх түвшиндээ санал нэгдээд багагүй хугацаа өнгөрч байна.
Үндсэн хуулийг өөрчлөхөөр эргэлт буцалтгүй шийдсэн эрх баригч хүчин хэн нэгнээс санал гуйж, царай алдахгүйгээр баталчих тооны суудалтай, олон нийтэд ч “Хийгээд үзэх нь зөв” хэмээн хүлээн зөвшөөрөх хандлага давамгайлсан энэ үеийг “Эцэг хууль”-д засвар оруулах тохиромжтой хугацаа” хэмээж байгаа юм. Ийм нөхцөлд бид Үндсэн хуулийг өөрчлөх, эсэх тухайд бус, хэр оновчтой, нүдээ олсон өөрчлөлт хийх нь вэ гэдэгт илүү анхаарал хандуулах хэрэгтэй болоод буй билээ. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгасан, эргэлзээ төрүүлж, шүүмжлэл дагуулсан заалтуудыг онцлон, олон талын мэдээлэл, байр суурийг хүргэхийг чухалчилж байгаа юм. Энэ удаа “давхар дээл”-тэй холбоотой заалтад анхаарлыг тань хандуулж байна.
ХУУЛЬ ТОГТООХ, ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ ХОЛИЛДСОН ТҮҮХ
1992 оны Үндсэн хуульд “давхар дээл”-ийн талаар огт тусгаагүй ч УИХ болон Засгийн газар хэмээх институцийн хүлээх үүрэг, чиг үүрэг өөр, үүнийгээ дагаад гишүүдийнх нь хийх ажил ч хоорондоо хамааралгүй, тусдаа байхаар тооцон, хуульчилсан байв. Харин Улсын бага хурлаас 1992 оны долдугаар сарын 6-нд УИХ-ын тухай хуулийг батлахдаа “Засгийн газрын гуравны нэгээс илүүгүйг УИХ-ын гишүүдийн дотроос хавсарган томилж болно” хэмээн зааснаар “давхар дээл” өмсөхийн эхлэл тавигдсан гэдэг. “Энэ заалт нь Үндсэн хууль зөрчиж байна. УИХ-ын болон Засгийн газрын гишүүний ажил алба, чиг үүрэг өөр. Өөрийн ажил үүрэгт үл хамаарах ажлыг Засгийн газрын гишүүн хавсарч болохгүй гэж заасан. УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдын үүргийг хавсарна гэдэг нь ажил үүрэгт нь хамаагүй ажил хийж байна” гэсэн гомдлыг иргэн Д.Ламжав ҮХЦ-д удаа дараа гаргаж, 1996 оны долдугаар сард Цэц “Уг заалт нь Үндсэн хууль зөрчжээ” хэмээн дүгнэсэн байдаг. Харин УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж аваагүйгээр барахгүй ердөө ганц сарын дараа УИХ-ын тухай хуульд “Засгийн газрын гишүүдийн гуравны хоёроос илүүгүйг УИХ-ын гишүүдээс хавсарган томилж болно” гэж, 1998 оны нэгдүгээр сард УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай хуульд танхимын сайд нараас гадна Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн байж болохоор тусгаж, барьцаа ахиулсаар байв.
...Гэтэл судлаач, эрдэмтэд “Улстөрчдийн явцуу сонирхол янз бүрээр илэрдэг. “Гуравны нэг нь “давхар дээл”-тэй байж болно” гэхээр сайд болох хүсэлтэй хүмүүс Засгийн газрыг 20 гаруй яамтай болгочихож мэднэ. Эсвэл янз бүрийн асуудал эрхэлсэн, яамгүй сайд нэмчихэж ч чадах улс” хэмээн хаширлажээ...
Тухайн үед иргэн Д.Ламжав ҮХЦ-д дахиад л хандаж, Цэц түүний мэдээлэл үндэслэлтэй, дээрх заалтууд нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн тогтоол гаргасан ч УИХ мөн л Цэцийн шийдвэрийг хүлээж аваагүй. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг ингэж хамаагүй хольж, хоёр том институцийг эрлийзжүүлж болохгүй гэсэн сануулга, албан тушаалд дуртай УИХ-ын гишүүд сайдын суудалд тухлахын тулд Үндсэн хууль зөрчиж байна гэсэн шүүмжлэл олон нийтээс ирсээр байсан учраас 1999, 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн заалт шургуулснаас хойш “давхар дээл” “Эцэг хууль”-д байраа эзэлжээ. Чамгүй олон жил ярианы сэдэв, шүүмжлэлийн бай болж, муу муухай, болж бүтэхгүй бүхний шалтгаар нэрлэгдэж буй “давхар дээл”-ийн түүх энэ.
ХОР НАЙРУУЛАХЫН ЭСРЭГ ХОРИГ
Тухайн үед парламент хийх ажилгүйдээ, юу ч бодолгүйгээр, эсвэл зүгээр л УИХ-ын болон Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар хаших хүсэлдээ хөтлөгдөөд дээрх өөрчлөлтийг хийчихсэн гэвэл өрөөсгөл болно. Харин дутуу дулимаг тооцсон, сөрөг талыг нь олж хараагүй гэх нь үнэнд дөхнө.
Танхимын сайд нар бүгд УИХ-ын гадна байхад Засгийн газар бодлого, шийдвэрээ УИХ-д бүрэн ойлгуулж, дэмжүүлэх лобби хийж чадалгүй хана мөргөх, УИХ-ын гишүүд “Муу сайн сайд нар...” гэх маягаар хандаж, оруулсан хуулийн төслийг нь үгсэж байгаад унагах явдал ч гардаг байсан гэдэг. Иймэрхүү зүйл ганц бус удаа тохиолдож, хавтгайрах янзтай болсон тул гарц хайж, шийдэх оролдлого хийсэн нь “давхар дээл” өмсүүлэх байсан гэж энэ өөрчлөлтийг хийхэд гар, бие оролцсон хүмүүс хэлдэг. Тэгэхдээ уг заалтыг ингэж хавтгайруулж, УИХ-ын гишүүд нь бүгдээрээ сайд болохоор зүтгэн, өөрийн намын Засгийн газраа огцруулахаар хор найруулан гүйлдэж мэднэ гэдгийг тооцоогүй нь тэдний алдаа байжээ.
Үүнийг засаж, залруулах гэж олон жил ярьсан ч бодит үр дүнд хүрч чадахгүй явсаар, эцэст нь Үндсэн хуульд “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалт оруулахаар нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан байна.
ДӨРВӨӨС ИЛҮҮГҮЙ САЙД УИХ-ЫН ГИШҮҮН БАЙЖ БОЛНО ГЭСЭН НЬ ХОЁРДМОЛ ОЙЛГОЛТ ТӨРҮҮЛЭХГҮЙ
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн “давхар дээл”-ийг хэрхэн зохицуулах тухай олон талаас нь ярилцаж, янз янзын хувилбар дэвшүүлсэн байдаг. Өнгөрсөн парламентад танилцуулсан төсөлд л гэхэд “Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь “давхар дээл”-тэй байж болно” хэмээн тусгасан байв. Гэтэл судлаач, эрдэмтэд “Улстөрчдийн явцуу сонирхол янз бүрээр илэрдэг. “Гуравны нэг нь “давхар дээл”-тэй байж болно” гэхээр сайд болох хүсэлтэй хүмүүс Засгийн газрыг 20 гаруй яамтай болгочихож мэднэ. Эсвэл янз бүрийн асуудал эрхэлсэн, яамгүй сайд нэмчихэж ч чадах улс” хэмээн хаширлажээ.
Үүнээс яаж сэргийлж, ямар хаалт тавих вэ гэж янз бүрээр ярилцахад “Яамдын тоо, Засгийн газрын бүтцийг хуульчилъя” гэсэн хувилбар ч гарч ирсэн гэдэг. Энэ нь бас л асуудал дагуулна, манайх шиг яамдын нэрээ ойр ойрхон сольдог, салгаж, нийлүүлдэг, төр, засгийн байгуулал нь төлөвшиж амжаагүй гэж хэлж болохоор улс яамны нэрийг өөрчлөх зайлшгүй шаардлага гарвал Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүйд хүрнэ. Гэтэл энэ удаагийн өөрчлөлт батлагдчихвал ойрын найман жилдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломжгүй гэсэн эсэргүүцэлтэй тулгаржээ. Энэ мэт олон хувилбарын дундаас “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн томьёолол дэмжигдээд явж буй нь энэ.
Ташрамд дурдахад, “Энд ямар нэг эргэлзүүлэх, тээнэгэлзүүлэх, Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн биш бол танхимд нь “давхар дээл”-тэй сайд дөрөв байх уу, тав байх уу гэсэн асуулт үүсгэх утга санаа байхгүй. Ерөнхий сайдыг оролцуулахгүйгээр дөрөв хүртэл сайд, Ерөнхий сайд нь УИХ-ын гишүүн бол Засгийн газрын тав хүртэлх гишүүн “давхар дээл”-тэй байж болно гэсэн нь хоёргүй утгаар ойлгогдоно” гэж албаны хүмүүс төслийн заалтаа хамгаалж байна.
“Давхар дээл”-тэй сайдын тоог багасгах бус, өсгөх боломжийг нээлттэй үлдээх “гуравны нэг” гэсэн хязгаарлалтаас 4-5 хэмээн тодорхой тоо заах нь илүү оновчтой, ингэвэл хэрэгтэй, хэрэггүй яам байгуулж, сайдын тоо өсгөх сонирхолд хөтлөгдөхгүй гэж үзээд, дээрх саналыг судлаач, эрдэмтэд төсөлдөө тусгасан аж.