Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай: ГХЯ, ЭМЯ, ХЗДХЯ-ны яамдын гадаа иргэдийн эсэргүүцлийн жагсаал болсон. Эдгээр жагсаалыг Ардчилсан нам дэмжсэн юм. Гэхдээ энэ цэвэр иргэдийн санаачилгаар хийгдсэн жагсаал байсан. Харамсалтай нь энэхүү тэмцлийг эрх баригчид ойшоосонгүй. Нийгэмд болсон бусармаг асуудлуудтай холбоотойгоор ямарваа нэгэн албан тушаалтан хариуцлага хүлээхгүй нь харагдлаа.
Германд хар тамхи зөөвөрлөж яваад баригдсан дипломатын хэрэгт хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Эрүүл мэндийн салбар тэмбүүтэй тэмцэнэ гэдэг хариуцлагагүй мэдэгдлээс болж Монгол Улсад аялахаар жуулчны компанид захиалга өгсөн хүмүүсийн 20 хувь нь захиалгаа цуцалжээ. Ингээд бодохоор, 40 мянган жуулчин манай улсад ирэхээс татгалзсан байна. Нэг жуулчин мянган ам.долларын орлого оруулна гэж тооцвол, 40 сая ам.долларын орлогыг дээрх мэдэгдлээс болж алджээ. Хууль зүйн сайд олон хэргийг шударгаар шийднэ гэсэн ч аль шатандаа гацсан нь тодорхойгүй, нийгмийн хүлээлтийг хангаж чадахгүй байна. Ардчилсан намыг жагсаал бүртээ 40 сая төгрөг зарцуулсан гэж эрх баригчид ярьж байна. Манай намд жагсаал бүрт 40 сая төгрөг зарцуулах төсөв байхгүй” гэлээ.
АН-ын Хууль эрхзүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Оросоо: Үндсэн хуульд оруулах гэж буй өөрчлөлт нь 2000 оны “дордуулсан” долоон өөрчлөлтөөс ч долоон дор болохоор байна. Энэ хууль батлагдсанаар, Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрх 9 жил болох бөгөөд тус цэц цаашид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хянах эрхгүй болно. Мөн хуулийн өөрчлөлтөөр, Засаг захиргааны тогтолцоог өөрчилж, суурь хуулийн үндсэн агуулга, ардчилсан зарчмыг алдагдуулах нөхцөл үүснэ. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг эсэргүүцэж байна” гэлээ.