Өнгөрсөн хугацаанд УИХ-д өргөн баригдахаас хэтрээгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл энэ удаа парламентын анхны хэлэлцүүлгийг даваад байна. Үргэлжлүүлэн дараа дараагийн хэлэлцүүлгийг хийж, ард түмнээс асуух, эсэхээ шийднэ. 27 жилийн түүхтэй, ардчилсан Үндсэн хуульд хоёр дахь удаагаа нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэхийг шийдвэрлэх гэж байна. Ингэхдээ 2000 онд баталсан, “Дордуулсан долоо” гэх тодотголтой нэмэлт, өөрчлөлтийг үндсэндээ үүгээр эргэн харах гэж буй. Үндсэн хуулийн 24.1-т УИХ-ын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс дэд дарга сонгох заалт оруулж, УИХ-д наймаас дээш суудал авсан намаас нэг дэд дарга томилдог болсноос бусдыг нь ямар нэг байдлаар хөнджээ. “Урд гарсан чихнээс хойно ургасан эвэр” гэдэг. “Дордуулсан долоо” гэж адлуулдаг урьдын нэмэлт, өөрчлөлтийн талаарх яриа улиг бүү болог.
ЭРГЭЖ ЗАЛСАН ЗААЛТУУД
Ардчилсан Үндсэн хуульд анх тусгасан ч 2000 онд авч хаясан нэг бус заалтыг сэргээхээр тусгажээ. Үндсэн хуулийн 22.2-т анх зөвхөн УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь санал нэгдсэн тохиолдолд УИХ тарахаар заасан байсныг Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол Ерөнхийлөгч парламентыг тараах зохицуулалтыг 2000 онд нэмсэн. Энэ удаа хассан заалтаа эргэж залснаас гадна парламентыг тараах эрхийг нь Төрийн тэргүүнд үлдээсэн байна. Учир нь үүнийг парламентын тогтолцоотой улсад зайлшгүй хэрэглэх ёстой гэж цөөнгүй судлаач тайлбарладаг. Өөрөөр хэлбэл, парламентын хэрэгжүүлдэг чухал чиг үүргийн нэг болох Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг байгуулах ажлаа тогтоосон хугацаанд амжуулаагүйнх нь төлөө хариуцлага тооцож буй хэрэг.
УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд 50-иас доошгүй ажлын өдөрт чуулах заалт бол “дордуулсан долоо”-гийн нэг. 1992 оны Үндсэн хуулиар 75-аас доошгүй өдөр чуулах зохицуулалттай байсан ч ирц бүрддэггүйтэй холбоотойгоор ингэж өөрчилсөн гэж шүүмжлэгддэг. Өнөөдөр ч УИХ-ын хуралдааны ирц бүрдэхгүй байгаа нь өнгөрснөө санагалзахад хүргэж буй. Гэхдээ бараг 20-иод жилийн өмнөх хийгээд өнөөдөр ирц бүрдэхгүй байгаа шалтгаан нь арай өөр. 1996 оны сонгуулиар 50 суудал авсан “Ардчилсан холбоо” эвслийнхнийг бойкотлохын тулд 25 суудалтай МАХН (одоогийн МАН)-ынхан О.Дашбалбар агсны хамт хуралдаа суухгүй байхад л ирц бүрддэггүй байв. Харин одоо бол өөр. 64 суудалтай МАН төдийгүй бүлгээ бутаргасан АН-ын гишүүдийн хэн хэн нь ямар ч зорилгогүйгээр ажил тасалж, хуралдаа суухгүй байхыг юман чинээ тоохоо байчихсан. Чуулах хоногийн тоог сунгаж буй нь арга ядсан хэрэг гэхэд болно. Ер нь парламент чуулах хугацааг Үндсэн хуульд ингэж нарийн заах нь ховор аж. Тэгээд ч “50-иас доошгүй” гэж заасан нь шаардлагатай бол илүү олон өдөр чуулахыг нь хориглоогүй, нээлттэй гэсэн үг юм сан, уг нь.
ДУНДЫН ХУВИЛБАР
Ер нь бол 1996-1998 онд УИХ-ын нийт гишүүний дийлэнх олонх буюу 51-ээс доошгүй нь цуглаж, ирц бүрдэн, үүний талаас илүү нь буюу 26-гаас доошгүй хүний саналаар хууль баталдаг зохицуулалттай байсан нь хямрал үүсгэсэн гэлцдэг. “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авсан ч шийдвэр гаргаж чадахгүйд хүрсэн. Олонх нь цөөнхийнхөө хамааралд орсон гэсэн үг. Гэтэл нэгэнт иргэдээс мандат авсан олонх зөв ч бай, буруу ч бай бодлогоо тодорхойлж, хариуцлага хүлээх ёстой. Парламентын тогтолцоонд олонх нь шийдвэрээ гаргадаг, цөөнх нь хяналтаа тавих ёстой атал тэр үед энэ зарчим хэрэгжээгүйгээр үл барам үүнийг нь “Үндсэн хуулийн хямрал” хэмээн тодорхойлсон. Тиймээс гишүүдийн олонх буюу 39-өөс доошгүй нь ирснээр ирцийг хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах өөрчлөлтийг Үндсэн хуулийн 27.6-д оруулсан. Ингэснээр 20 гишүүн хууль батлах боломж бүрдсэн. Улмаар хэт цөөхүүлээ хууль баталдаг болсон нь хуулийн чанарыг муутгахаас гадна зүй бус нөлөөлөлд орох, иргэдийн оролцоо алдагдах гэх мэт эрсдэл үүсгэж байгааг үгүйсгэмгүй. Хэдийгээр одоогийн төсөлд ирцийн босгыг 2000 оныхоос өөрчлөөгүй ч “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол хуулийг УИХ-ын нийт гишүүний олонхын саналаар батална” гэх өгүүлбэр шигтгэснийг анзаараарай. Өөрөөр хэлбэл, хуулийг 39-өөс доошгүй гишүүний саналаар баталж, УИХ-ын бусад шийдвэр буюу тогтоол, томилгоо зэргийг одоогийнхоор (20-иос доошгүй гишүүний саналаар) эцэслэн шийдвэрлэхээр тусгажээ.
Манайхан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэхээр “давхар дээл” гэсэн ойлголтыг давхар тээдэг болсон ч байж мэднэ. Үнэндээ хэзээ ч юм хийгдэх нэмэлт, өөрчлөлтөд гарцаагүй багтах зүйл нь УИХ-ын гишүүнийг сайдаар ажиллуулахыг хязгаарлах, эсвэл бүр хориглох явдал гэж олонх нь ойлгож байгаа. 2000 онд “УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн өөрчлөлтийг Үндсэн хуулийн 29.1-т оруулсан. Уг нь 1992-1996 онд УИХ-ын гишүүн сайдаар ажиллахыг хориглоогүй байсан ч 1996 оны сонгуульд “Ардчилсан холбоо” эвслийн үнэмлэхүй ялалтын дараа иргэн Д.Ламжав “УИХ-ын гишүүн сайд болох нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн Цэцэд хандсан юм билээ. Үүнийг ч Цэц хүлээн авч, хүчингүй болгосноор УИХ-д олонх болсон нам, эвслийн лидерүүд Ерөнхий сайд, сайдаар томилогдох, сонгуулиар амласан бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүйд хүрсэн гэдэг. Өөрөөр хэлбэл, УИХ-д нэр дэвшээгүй, дэвшсэн ч ялагдсан, хоёрдугаар эгнээнийхэн Ерөнхий сайд, сайд болж, парламентын олонхоос авах дэмжлэг нь хэврэгшсэн. Улмаар Засгийн газраа удаа дараа огцруулсан. Ингэж л 2000 оны нэмэлт, өөрчлөлтүүдэд “дордуулсан” гэх доромж тодотгол зүүх томоохон шалтгаан болсон “Давхар дээлний дууль” эхэлсэн гэдэг. Парламентын тогтолцоотой цөөнгүй улсад парламентын гишүүн сайдын алба хавсрахыг зөвшөөрдөг. Заримд нь ч бүр ийм байхыг шаарддаг аж. Харин зарим оронд үүнийг хориглодог. Юутай ч парламентын гишүүдийн тоо нь 120-иос дээш байгаа нөхцөлд “давхар дээл” асуудал болдоггүйг судлаачид хэлж буй. Гэвч УИХ 76-хан гишүүнтэй. Засгийн газрын танхимд Ерөнхий сайдаас бусад нь УИХ-ын гишүүн байгаа өнөөгийн нөхцөлд УИХ-ын 15 гишүүн сайд болчихоор гүйцэтгэх эрх мэдэл УИХ-д нөлөөгөө тэлж, эрх мэдлийн зааг бүдгэрэх нь аргагүй. Харин энэ удаа Ерөнхий сайдаас гадна дөрвөөс илүүгүй сайдыг “давхар дээл”-тэй байхыг зөвшөөрөхөөр тусгасан нь дундын хувилбар гэлтэй.
ДОРДУУЛААГҮЙ ХЭРЭГ ҮҮ
1992 оны Үндсэн хуулийн 33.1.2-оор Ерөнхийлөгч УИХ-д олонх болсон намтай, аль нь ч олонх болоогүй бол намуудтай зөвшилцөн, нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох, Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулдаг байсан. Ерөнхийлөгч “зөвшилцөх” гэдгийг тохиролцох гэж ойлгож байсныг одоо олон судлаач хэлдэг. Тиймээс ч УИХ дахь олонхын санал болгосон хүнийг Ерөнхийлөгч дэмжихгүй бол УИХ руу оруулдаггүй байсан. Жишээлбэл, 1996-2000 онд Ерөнхийлөгч Н.Багабанди УИХ дахь олонхоос Ерөнхий сайдад санал болгосон Г.Ганхуяг, Д.Ганболд нарыг УИХ-д оруулахаас удаа дараа татгалзаж байсан гэдэг. Үүнийг 2000 оны нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгч УИХ дахь олонхоос Ерөнхий сайдад дэвшүүлсэн хүнийг тав хоногийн дотор УИХ-д оруулах үүрэгтэй болгож өөрчилсөн. Мөн Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулах саналыг УИХ-д оруулах заалтыг хассан юм билээ. Энэ нь Ерөнхий сайдыг томилох, огцруулах шийдвэр гаргахад Ерөнхийлөгчийн хэт оролцоог халж, УИХ-ын олонход хариуцуулсан нь хагас Ерөнхийлөгчийн тогтолцооноос парламентынх руу ойртсоны илэрхийлэл гэж үзэх нь бий. Үүнийг энэ удаагийн төсөлд хэвээр хадгалсан нь “дордуулсан” биш, дээрдүүлсэн заалт гэж үзсэнийх бололтой. Ганц, хоёр үг өөрчилснийг эс тооцвол хэвээрээ аж.
Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөхтэй холбоотой харилцааг ч бараг хэвээр үлдээжээ. Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөн, УИХ-д өргөн мэдүүлдэг байсан 1992 оны заалт мөн л хямрал үүсгэж, Засгийн газрын тэргүүн Ерөнхийлөгчтэй тохиролцож чадахгүй бол саналаа УИХ-д оруулж чадахгүй байв. Тиймээс үүнийг засаж, долоо хоногийн дотор Ерөнхийлөгчтэй зөвшилцөж чадаагүй бол Ерөнхий сайд танхимын сайд нараа өөрөө УИХ-д өргөн мэдүүлэхээр өөрчилсөн. Парламентын тогтолцоотой улсын хувьд олонх болсон нам Ерөнхий сайдаа томилж, Засгийн газрын тэргүүн нь танхимын гишүүдээ өөрөө бүрдүүлэхэд мөн чанар нь оршдог атал манайд Ерөнхийлөгч зөвшөөрсний дараа л УИХ-д оруулж байсныг үүгээр халсан хэмээн судлаачид эхний хэлэлцүүлгийн үеэр тайлбарлаж байсан юм.