Британийн Ерөнхий сайдын суудалд очих хамгийн их магадлалтай байсан тус улсын Гадаад хэргийн сайд асан Борис Жонсоны рейтинг түүний хувийн амьдралын асуудлаас болж асар хурдтайгаар унах болжээ. Өнгөрсөн Баасан гарагийн шөнө Борис Жонсоны гэрээс чанга хашхичих чимээ гарсанд сандарсан хөршүүд нь цагдаа дуудахад хүрчээ. Дуудлагаар ирсэн цагдаагийнхан Жонсоны гэрт шалгалт хийсний дараа ноцтой асуудал үүсээгүй хэмээн мэдэгдсэн байна. Уг байранд Борис Жонсон хоёр дахь эхнэрээсээ салснаас хойш шинэ найз бүсгүйтэйгээ амьдардаг болсон аж. Британийн зарим хэвлэл эх сурвалжийг дурдан бичиж буйгаар бол Гадаад хэргийн сайд асан цагаан өнгийн буйдан дээр улаан дарс асгасанд найз бүсгүй нь гэнэт “Авраарай” гэж хашхирсан гэнэ. Британийн иргэд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Жонсоноос болсон явдлын талаар тайлбар хийхийг шаардаж байгаа ч тэрбээр ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Ерөнхий сайдын суудалд түүнтэй тунаж үлдсэн Жереми Хант “хүний хувийн амьдралд хошуу дүрэх сонирхолгүй” ч эр хүн шиг зоригтой тайлбар хийхийг Жонсонд уриалсан байна.