Стамбулын амбан захирагчийн сонгуульд Туркийн сөрөг хүчнээс нэр дэвшигч Экрэм Имамоглу ялалт байгуулсан тухай “Interfax” мэдээлжээ. Туркийн сонгуулийн Ерөнхий хорооны мэдэгдлээр бол Экрэм Имамоглу сонгогчдийн 54% хувийн саналыг авчээ. Эрх баригч намаас нэр дэвшсэн Бинали Йыльдырым өрсөлдөгчийнхөө ялалтыг хүлээн зөвшөөрөн түүнд “Стамбулын төлөө сайн зүтгэхийг” ерөөн баяр хүргэсэн байна. Э.Имамоглу ялалтын индрээс хэлсэн үгэндээ Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд хандан “Би тантай эе зохистой хамтран ажиллахад бэлэн байна. Үүнийгээ би Станбулын бүх оршин суугчдын өмнө зарлаж байна. Өөрийн шинэ албан тушаалд очсон даруйдаа би тантай аль болох түргэн уулзаж бидний цаашдын чиглэлийг танилцуулж нэг нэгнийхээ саналыг сонсмоор байна” гэжээ.Стамбул хотын амбан захирагчийн сонгууль өнгөрсөн гуравдугаар сард явагдсан ч Эрдоганы нам сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй эсэргүүцсэн тул Сонгуулийн Ерөнхий Хороо дахин сонгуулийг явуулах шийдвэр гаргасан билээ. Тэгэхэд Имамоглу өрсөлдөгчөөсөө 0,1% хувийн саналаар түрүүлсэн аж.