АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын захидлыг БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хүлээн авсан тухай Умард Солонгосын Төв цахилгааны мэдээний агентлаг уламжлав. “Yon¬hap” агентлагийн тодруулснаар, БНАСАУ-ын удирдагч захидлыг уншаад, сэтгэгдэл өндөр буйгаа илэрхийлжээ. Тодруулбал, “Ерөнхийлөгч Трампын улс төрийн ухаалаг шийдвэр гаргах чадвар, ер бусын зоригтойг Ким Жөн Ун үнэлээд, сонирхолтой захидлын талаар нухацтай бодож үзэхээ мэдэгдлээ” гэсэн байна.
Урьд нь энэ сард Ким Жөн Уны захидлыг Д.Трамп хүлээн авсан билээ. Цагаан ордны тэргүүн захидал илгээсэн БНАСАУ-ын удирдагчид талархаад, их сайн бөгөөд маш найрсаг агуулгатай болохыг тэмдэглэсэн билээ.
ХОРИГОО ДАХИН СУНГАВ
БНАСАУ-д дангаар авсан хориг арга хэмжээгээ дахин нэг жилээр сунгах шийдвэрийг Америкийн засаг захиргаа гаргасныг Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлэв. Мөн 2008, 2010, 2011, 2015, 2016, 2017 онд авсан хориг арга хэмжээ ч хүчин төгөлдөр байх аж.Тэдгээр нь БНАСАУ-ын үй олноор хөнөөх зэвсгийг үл дэлгэрүүлэхэд чиглэсэн юм.
“УЛС ТӨРИЙН АРГААР БАЙДЛЫГ ЗОХИЦУУЛАХЫГ УРИАЛЛАА”
БНХАУ-ын дарга, Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпиний БНАСАУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай болж, өндөрлөснийг “Xinhua” агентлаг мэдээлэв. Тэрбээр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай Пёньянд уулзахдаа Солонгосын хойгийн байдлыг улс төрийн аргаар зохицуулахыг уриалжээ. Мөн БНХАУ, БНАСАУ-ын харилцааг шинэ түвшинд гаргаж, тус бүс нутагт энх тайван байдал тогтоож, хөгжүүлэх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Ким Жөн Уны удирдага доор Умард Солонгосын Хөдөлмөрийн нам, ард түмэн эдийн засгаа хөгжүүлэх, хүн амынхаа амьжиргааг сайжруулах стратегийн шинэ чиг шугамыг санаачилж, улсынхаа социалист бүтээн байгуулалтыг шинэ түвшинд гаргасан гэж Си Зиньпин хэлсэн байна.
Үүний хариуд Ким Жөн Ун, “Социалист бүтээн байгуулалтын талаарх хоёр талын хамтын хүчин чармайлт нь баяр, гунигаа хуваалцах, хамтран ажиллах, бие биеэ дэмжих уламжлалыг бий болгосон. Мөн хоёр улсын найрамдалт харилцааг хадгалж буйн цөм нь социалист тогтолцоо болохыг өнгөрсөн онд болсон дөрвөн удаагийн уулзалт нотолсон” гэж тэрбээр хэлжээ. Си Зиньпиний айлчлал найрамдалт харилцаанд шинэ, гайхалтай хуудсыг нээж буйг БНАСАУ-ын удирдагч онцлоод, хэлхээ холбоогоо бэхжүүлэх талаар санал бодлоо солилцож, хоёр талын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чухал тохиролцоонд хүрлээ гэсэн байна.
Тэрчлэн Си Зиньпиний удирдлага доор Хятадын Коммунист нам, ард түмэн социализмыг хөгжүүлэх чиглэлд шинэ, томоохон ахиц дэвшлүүдийг гаргана хэмээн үзэж буйгаа Ким Жөн Ун тэмдэглэжээ.