Азийн буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулган энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна.
Бага хурлын нээлт өнөөдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганы өмнөх талбайд болж, Энэтхэг, Солонгос, Орос, Шри-Ланка, Япон зэрэг улс орнуудын 14 үндэстний 150 гаруй зочин, төлөөлөгч, сүсэгтэн олон оролцлоо.
Азийн буддистуудын энх тайвны бага хурал энх тайвныг дэлхий нийтэд тунхаглахын төлөө 1970 оноос хойш 10 удаа хуралджээ. Мөн НҮБ-д бүртгэлтэй цөөн шашны байгуулагын нэг бөгөөд нэгдсэн удирдлагын төв нь Монгол Улсад байрлан Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц ерөнхийлөгчөөр нь ажилладаг юм.
Энэ удаагийн XI ерөнхий чуулганыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Сэргээе-урагшлая” уриатайгаар 50 жилийн түүхэн ойг тохиолдуулан зохион байгуулахаас гадна энэ сарын 22-23-нд чуулганы хүрээнд “XXI зууны буддын өв соёл, үнэт зүйлс” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болох юм байна.
АЗИЙН БУДДИСТУУДЫН ЭНХ ТАЙВНЫ БАГА ХУРЛЫН НЭЭЛТИЙН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЖ:
“Азийн Буддистуудын энх тайвны бага хурлын XI ерөнхий чуулганы төлөөлөгчид, хүндэт зочид, эрхэм лам хуврагууддаа энэ өдрийн мэнд хүргэе.
Хүн төрөлхтний оршихуйн хамгийн үнэт зүйл болсон энх тайвныг сахин хамгаалахад Бурханы ариун сургаалийн цогц-буддизмын үзэл номлолыг дэлхий дахинаа түгээн дэлгэрүүлж, эрдэм мэдлэг, энэрэл нигүүслийг эрхэмлэн, уламжлалт өв соёлоо дээдлэн хөгжүүлэх Азийн улс орнуудын эрмэлзэл, эв санаан дор нэгдэж анх чуулсан Азийн Буддистуудын энх тайваны бага хурлын 50 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тус хурлыг 1969 оны 7 дугаар сарын 14-ний өдөр үүсгэн байгуулах шийдвэр гарч, анхны хурлаа 1970 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд анхны Ерөнхийлөгчөөр нь Монгол Улсын иргэн, номч мэргэн гавж, хамба лам Самаагийн Гомбожав сонгогдон 20 гаруй жил ажилласан түүхтэй байдаг юм байна.
Монгол Улсын төр засгаас Азийн буддистуудын энх тайвны бага хурлыг ямагт дэмжсэн явдал нь тус хурал даян дэлхийн энх тайвны үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулснаас гадна энх тайвныг дэлхий нийтэд тунхаглахын төлөөх монголчуудын оруулж буй чухал хувь нэмэр байсан бөгөөд энэхүү оролцоо өнөөдөр ч үгүйлэгдэх үнэ цэнтэй хэвээр байна.
1970 оноос хойш Азийн буддистуудын энх тайвны бага хурал 10 удаа хуралдсан байдаг бөгөөд 1972 онд Шри Ланка улсад, 1974 онд Энэтхэгт, 1976 онд Японд, 1979, 1982 онд Монголд, 1986 онд Лаост, 1990, 1998 онд Монголд, 2003 онд Лаост тус тус хуралдаж энх тайван эв нэгдэл энэрэнгүй үйлсийн тунхаглалаа дэлхийн сонорт хүргэснийг дурдан санахад илүүдэхгүй ээ.
Азийн бүс нутагт төдийгүй дэлхийн индэрт өөрийн дуу хоолойг ийнхүү хүргэж чадсан тус хурал нь хүйтэн дайны хүнд хэцүү үед Бурхан Буддагийн хүнлэг, энэрэнгүй сургаал номлолыг гол баримтлалаа болгож хүний эрх, эрх чөлөө, улс хоорондын эв нэгдэл, улс орнуудын соёл боловсрол, эдийн засгийн урт хугацааны хамтын ажиллагаанд шинэлэг гэгээлэг гарц боломж тийш чиглүүлэн зааж уриалан тунхаглаж байсан билээ. Тийм ч учраас хүн төрөлхтний сайн сайхан аж амьдралын төлөө явуулсан энхийн үйл ажиллагаагаараа НҮБ, түүний бусад тусгай агентлаг, ЮНЕСКО-гийн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн статустай төрийн бус байгууллага тэртээ 1988 онд анх бүртгэгдэн өнөөдрийг хүрлээ.
Азийн буддистуудын энх тайвны бага хурлал НҮБ-д бүртгэлтэй, зөвлөх эрх бүхий цөөхөн шашны байгууллагын нэг нь бөгөөд олон улсын шашны төлөөллүүдэд үлгэр дууриал болж Энхийн төлөөх бодит санал санаачлагууд нь Азид төдийгүй дэлхий дахинд цөмийн зэвсгийг бууруулах, устгах, ирээдүйгээ энх тайванч бодлогоор төсөөлөн харж, төлөвлөн бэхжүүлэх үндэс суурь болно хэмээн найдаж байна. Буддын шашинтнууд бидний хувьд энх тайвны төлөө хөдөлгөөнөө өргөжүүлэх, шашны болон бусад байгууллагуудтай хамтран ажиллах ёстой. Ингэснээр цөмийн дайны аюул заналхийлэлгүй, дайн самуунгүй амар амгалан дэлхийд амьдрах боломжтой болох юм.
Монгол Улс бол энхийг эрхэмлэгч улс орон, Монголын ард түмний уламжлалт шашин бол Буддын шашин билээ. Их Монголын тулгар төр-Хүннү гүрний үеэс эхлэн гурвантаа дэлгэрсэн Бурханы шашин бол монгол үндэстнийг гадаадын түрэмгийллээс сахин хамгаалж, дотооддоо эв нэгдэл, тусгаар тогтнолыг нөхцөлдүүлсэн юм. Энэхүү түүхэн дүгнэлтийг олон улсын эрдэмтэн мэргэд нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөөр байна. Монголын буддизм түүхэн дэлгэрэлтийнхээ нэгэн цаг үед үлэмж их хор хохирлыг амсч, хүн амынхаа нэлээдгүй хэсгийг улс төрийн хэлмэгдүүлэлд өртүүлсэн гашуун сургамжаа мартах учиргүй, дахин давтах ёсгүй.
Монгол Улсын төр засаг, түүний хууль тогтоох төрийн дээд байгууллага УИХ-аас жил бүрийн Зуны тэргүүн сарын Шинийн 15-ны Бурхан багшийн Их дүйчин өдрийг “Олон нийтийн баяр, амралтын өдөр” болгох хуулийн төслийг санаачлан дэмжиж, анхааран ажиллаж байна. Өвөг дээдэс, өнгөрүүлсэн түүхээ дээдэлдэг, буян нүглийг зааглан ялгах ухаанаар алдаа оноогоо шүүн дэнсэлдэг, наминчилдаг,амьтай үртэй бүхнийг энэрэн хайрлах сэтгэлээ хөгжүүлэн дадуулж сайн үйлсэд шамддаг нэгэн өдрийг бүх нийтээрээ Ёс суртахууныг эрхэмлэсэн өдөр болгож тэмдэглэн өнгөрүүлдэг Азийн орнуудын жишгээс суралцаж буйдаа Монголын ард түмэн бид баяртай байна.
Монголын Их Эзэн Чингисийн үеэс улбаалсан номт төрийн хос ёсны уламжлалт бодлогоор улс орноо удирдан залж, төр-иргэний харилцан шүтэлцээг нандигнан хөгжүүлэхэд эрхэм лам хуврагууд, буддистууд та бүгдийн оролцоо, эрдэм мэдлэгийн арвин их туршлага төрийн үйлсэд зайлшгүй хэрэгтэйг мөн онцлон тэмдэглэе.
Ингээд Азийн Буддистуудын Энхтайвны бага хурлын XI дүгээр Ерөнхий чуулганд оролцохоор хүрэлцэн ирсэн нийт оролцогчиддоо хурлын өндөр амжилт хүсье, энх тайвны төлөөх 50 жилийн түүхт ойн баярын мэндийг дахин хүргэе” гэлээ.