Өчигдөр буюу пүрэв гарагт /2016.06.21/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 17 дахь удаагаа иргэдтэй шууд холбогдож асуултад нь хариулж хүсэл гомдлыг нь сонслоо. “Владимир Путинтэй холбогдох шугам” нэртэй уг арга дөрвөн цаг гаруй үргэлжилсэн бөгөөд Оросын Ерөнхийлөгч 80 гаруй асуултад хариулсан байна. Арга хэмжээ Оросын бүх томоохон сувгаар шууд цацагдсан аж. Өнгөрсөн жил Путиний оролцсон шууд нэвтрүүлэг сүүлийн зургаан жилийн хугацаан дахь телевизийн хамгийн бага хандалттай нэвтрүүлгээр нэрлэгдсэн бол энэ удаа Путинд 1. 5 сая гаруй хүн хандаж, 400 мянга гаруй мессэж илгээжээ. Тэрбээр барууны хориг, Ойрх Дорнодын хямрал, ОХУ болон АНУ хоорондын харилцаа, Украины асуудал, Оросын хүн амын амьжиргааны төвшний уналт гээд олон асуудалд тодорхой хариултууд өгсөн байна. Харин “ямар нэг байдлаас болж ичиж байсан явдал асуудал бий юу гэсэн асуултад өгсөн хариулт энэ удаагийн шууд шугамын тренд болжээ. Путиний ярьснаар тэрээр 2000 оны эхэн үед түүнийг намар цагт бүс нутгуудад ажиллаад, буцах замд нь нэгэн хижээл насны эмэгтэй таарч амандаа ямар нэгэн зүйл бувтнаж байснаа өмнө нь өвдөг сөгдөн суусан байна. Тэгээд тэр эмэгтэй Путинд нэгэн зурвас атгуулсан бөгөөд Ерөнхийлөгч түүнийг нь туслахууддаа өгсөн заавал уншихаа амласан аж. Харамсалтай тэрхүү зурвас гээгджээ. Ийм зүйл болсонд Путин өнөөдрийг хүртэл ичиж явдгаа өгүүлсэн юм. "Би үүнийг хэзээ ч мартахгүй. Надад одоо ч ичгэвтэртэй байдаг. "Би юун тухай зурвас байсныг би бараг л гадарлаж байна. Олон хүмүүс олон зурвас надад өгч байсан. Магадгүй тэр эмэгтэй шоронд орсон хүүдээ туслахыг хүссэн байсан болов уу. Гэхдээ асуудлын гол нь үүнд биш, хамгийн гол нь тэр эмэгтэйн бичвэрийг гээсэнд л байгаа юм" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна.