УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар дахин жагсана гэдгээ мэдэгдлээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Хэдхэн сарын өмнө Монгол орон даяар МАНАН дэглэмийн эсрэг жагссан. Б.Хурц генерал Эрдэнэтийн 49 хувийг өөрийн дотнын найз сахал Д.Эрдэнэбилэгт өгснөөрөө, олон ААН-ийг дээрэмдэж тоносоноороо бахархаж, хар тамхины наймаачдыг хамгаалж өмгөөдлөөрөө бахархдаг нэгэн гэдгийг ард иргэд бүгд мэднэ. Түүний явуулсан ажиллагаанаас болж Содномдаржаа, Чимгээ нарын монголын олон арван залуус хэлмэгдэж, шоронд ороод байна.
Т.Аюурсайхан гишүүний санаачлагаар хулгайд алдагдсан стратегийн ордыг эргүүлэн авах ажилд бид нэгдсэн. Одоо жил зургаан сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд юу өөрчлөгдөв. Бид хууль хяналтын байгууллагыг МАНАН мафийн гараас салгаж, 60 тэрбумын схемийг зохион байгуулсан М.Энхболдыг огцруулж, Монгол төрөө мафиас салгуулах тэмцэл рүү орсон. Мөн 60 тэрбумын схемийн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, энэ схемийг хамгаалдаг байсан АТГ-ын дарга удирдлагууд болон прокуроруудыг өнгөрсөн жил сольж чадсан. Эрүүдэн шүүсэн тухай хоёр жилийн өмнөөс ярьж эхлэхэд гишүүд худлаа ярьж байна гэж гүтгэдэг байсан. Гэтэл эрүү шүүлтийн бичлэг цацагдаж, ОУПХ-ноос нуудаг байсан олон бичиг баримтыг ил болгож байна. Алдагдсан олон баялаг ордууддаа ард түмэндээ эргүүлэн авчрах ажлыг дэс дараатай явж байгаа ч бидний тэмцэлд асар их саад бий. Д.Эрдэнэбилэгийг цагдан хорихын тулд олон шүүгч дарамтад орж байна. Айдас хүйдэстэй байгаагаа бидэнд хэлж байна. Зоригт, Цогт, Батсуурь нарын нэр бүхий шүүгч нарыг нэн даруй өөрчлөх ард түмний хүсэлтийг ҮАБЗ-д өгнө.
Тэд байгаа цагт хэргүүд хэзээ ч шийдэгдэхгүй. Тиймээс бид ингээд хараад сууж тэсэхгүй нь. Бидний дараагийн тэмцэл бол шүүхийг өөрчлөх юм. Нэр бүхий шүүгч нарыг ажлыг нь өгүүлэх талаар иргэдтэйгээ жагсаал хийх шаардлагатай болох нь. Улсын дээд шүүхийн өмнө жагсаал хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Хар тамхины наймааны ард 4 үсэгтэй генерал байна гэдэг мэдээлэл, баримттайгаа ирсээр байна” гэв.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Хар тамхины хэргийг ирэх долоо хоногт нээлттэй хэлэлцэнэ. Уг хэрэгтэй холбоотой 36 төрийн алба хаагч, тусгай алба хаагч, дипломат алба хаагчийн нэрсийн жагсаалт гаргаж, цэвэрлэгээ хийнэ.Төрийн албанд ажилладаггүй хэр нь дипломат пасспорттой 58 иргэн байна. Тэдний асуудлыг ч шийдвэрлэнэ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: 30 хэмийн хүйтэнд 30 мянгуулаа цугласан хоёр удаагийн сүртэй жагсаал болоогүй бол өнөөдрийг хүртэлх бүх тэмцэл ордны хананд цуурайтсан яриа болоод л өнгөрөх байсан. Чамлахаар чанга атга гэдэг үг бий. Гэхдээ иргэд сэтгэл ханамж бус байна. Цаашдаа ч олон зүйл хийгээсэй гэсэн итгэл үнэмшлээр харж байгаа. Баяр наадам болох гэж байгаа учраас үүнийг далимдуулан олон муухай зүйл хийдэг жишиг байдаг. Бид уйдаж, өрөвдөж, тэмцлээ сулруулж болохгүй. Бид хамтдаа жилийн хугацаанд эхлүүлсэн томоохон хэрэг шүүхийн шатанд явна. МАНАН мафийн төлөө өөрийгөө золиосолдог хүмүүс байна. Тэднийг цэвэрлэхийн төлөө явна.