Пүрэв гаригийн өдөр Гүржийн парламентын өмнө эхэлсэн эсэргүүцлийн жагсаал эрх зүйн хэм хэмжээнээс хэтрэн хүчирхийллийн хэлбэрт шилжсэн тул хуулийн ажилтнууд жагсаалыг хүч хэрэглэн тараажээ. Мөргөлдөөний үеэр 50 гаруй хүн гэмтэл бэртэл авсан тухай тус улсын телевизийн Нэгдүгээр суваг мэдээлээ. Тус улсад Үнэн алдартан орнуудын парламент хоорондын чуулган болж байгаа бөгөөд Оросын төлөөлөгчдийн тэргүүн Сергей Говрилов Гүржийн парлемантын даргын суудалд суун тус чуулганыг нээсэн явдал сөрөг хүчнийнхний дургүйцлийг хүргэжээ. Гүржийн парламент дахь “Үндэсний нэгдмэл хөдөлгөөн”, “Европын Гүрж” намын депутатууд танхимыг орхиж гарснаар чуулган зогссон байна. Сөрөг хүчнийнхний мэдэгдэж байгаагаар Оросын төрийн Думын гишүүн Сергей Гаврилов Гүржээс хууль бусаар салан тусгаарласан Абхаз, Өмнөд Осетийнийг хүлээн зөвшөөрдөг мөн Абхазад Гүржийн эсрэг дайнд оролцож байсан тул Гүржид байх ёсгүй ажээ. Сөрөг хүчнийхэн ийм алдаа гаргасан парламентын даргыг огцрохыг шаарджээ. Гүржийн Ерөнхий сайд Мамука Бахтазе парламентын танхимд ирээд Михаил Саакашвилигийн байгуулсан сөрөг хүчний “Үндэсний нэгдмэл хөдөлгөөн” намыг улс орны эрх зүйн орчинг алдагдуулах оролдлого хийж байгаад буруутгажээ. Тэрээр “Гүржид ямар ч хүн, бүлэг өөрийн эсэргүүцлээ илэрхийлэх эрхтэй. Эл эсэргүүцлийг би шударга зөв эсэргүүцэл байсан гэж үзэж байна. Харин сүүлийн хоёр цагийн турш болж байгаа үйл явдал бол хүчирхийлэл. Энэ бол “Үндэсний нэгдмэл хөдөлгөөн” түрэмгий бүлэг Гүрж улсын мөнхөд тогтоосон эрх зүйн орчинг эвдэж, эмх замбараагүй байдлыг үүсгэх гэсэн оролдлого” гэж хэлжээ. Харин Саакашвили өөрөө Гүржийн ард түмэнд хандан төр засгийн залхаан цээрлүүлэлт хариу арга хэмжээнээс айлгүй нөхцөл байдлыг гартаа оруулахыг уриалсан байна. “Бид өөрсдийн энхийн тэмцлээрээ Гүрж орныг чөлөөлөх хэргээ эцэст нь хүргэх ёстой” гэж тэрбээр хэлжээ. Үйл явдал өрнөж буй газар Гүрж улсын Дотоод хэргийн яамны тэргүүн Георгий Гахариа өөрийн биеэр ирэн хүмүүсийг хууль бус ажиллагаа, хүчирхийллээ зогсоохыг уриалжээ. “Энэ талбайд цугласан хүн бүрийг хэдий шударга эсэргүүцлийг илэрхийлж байгаа ч юуны түрүүнд хуулийн ажилтнуудын шаардлагыг биелүүлэхийг уриалж байна. Одоо энд болж байгаа үйл явдлыг төрийн байгууллагыг шуургалан дайрах гэж нэрлэнэ” хэмээн Георгийн Гахариа сэтгүүлчдэд ярьжээ. Хүчний байгууллага жагсагчдын эсрэг усан буу, резинэн сум хэрэглэсэн байна. Гүрж улс 2008 онд Абхаз болон Өмнөд Осетин салан тусгаарласны дараа тэдгээр бүс нутгийг ОХУ булаан эзэлсэн хэмээн үзэж тус улстай дипломат харилцаагаа тасалсан юм.