Өнгөрсөн мягмар гарагт Дональд Трамп АНУ-ын дараачийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дахин дэвшүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдээд сонгуулийн компанит ажлаа эхлүүлж байгаагаа зарласан билээ. Тэгвэл тэрээр нэг хоногийн дотор сонгуулийн үйл ажиллагаандаа 24 сая $ цуглуулж амжсан тухай АНУ-ын Бүгд Найрамдах намын Үндэсний хорооны тэргүүлэгч Ронна Гомни Макдэниел твиттер хуудсаараа мэдээлсэн байна. “Дональд Трамп дахин сонгогдох үйл ажиллагаандаа зориулж 24 цаг хүрэхгүй хугацаанд 24,8 сая $ цуглуулав. Ерөнхийлөгчийн идэвх, урам зоригт эн тэнцэх хүн алга” гэж тэрээр бичжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн 59 дэх сонгууль 2020 оны арваннэгдүгээр сарын 3-нд болох аж. Ардчилсан нам өөрийн нэр дэвшигчээ ирэх жилийн долдугаар сард тодруулах бол Бүгд Найрамдахчууд өөрийн хүнээ тухайн оны наймдугаар сард сонгох юм байна.