Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн билээ. Иймд дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ард нийтэд танилцуулж, иргэдийн саналыг авч эхэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Оюундарь 2019 оны зургадугаар сарын 19-нд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд, 20-нд Дулаанхааны иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, хуулийн төслийн ач холбогдол, нэмэлт өөрчлөлтийн талаар танилцуулга хийж, иргэдийн саналыг сонслоо. Уулзалтад УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Хууль зүйн хүрээлэнгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Амаржаргал, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Төрийн орон сууцны корпорацийн дэд захирал Б.Цээпилдорж, Түнхэл тосгоны Засаг дарга Ч.Оюунгэрэл, Дулаанхаан тосгоны Засаг дарга Ж.Ганболд, Цагаан хаалга өртөөний захирагч З.Батболд нар оролцов.
Түнхэл тосгоны иргэдийн хувьд хуралд маш идэвхтэй оролцож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар асууж, өөрсдийн санал бодлоо илэрхийлсэн. Иргэд Үндсэн хуульд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нутгийн удирдлагын тухай хуульд хэрхэн өөрчлөлт орохыг асууж тодруулсан. УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын чуулгаар хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг дэмжлээ. Сүүлийн 27 жилийн хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ард иргэдээс маш их шүүмжлэл гарч байсан. Тухайлбал, Парламент, Засгийн газар нь ажлаа хийж чадахгүй байна, магадгүй УИХ нь Засгийн газрын үйл ажиллагаанд хэтэрхий их оролцож байна гэж байгаа. Тэгвэл энэ гажуудлыг зайлшгүй засах хугацаа нь болсон байна гэж үзээд нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан. Сүүлийн дөрвөн парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж үзсэн. Энэ удаагийн парламентад МАН 65 суудал авсан. Үүнээс 62 гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан. Одоо хуулийн төслийг хэлэлцэх шатанд засч залруулаад явах боломжтой. Үндсэн хуульд 30 шахам хувьд нь нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Засгийн газартай холбоотой 4-5, Ерөнхийлөгч, шүүх засаглалтай холбоотой өөрчлөлтүүд орсон. Та нарын хамгийн их сонирхож байгаа орон нутгийн засаг захиргаа, нутгийн өөрөө удирдах ёсны талаар мөн өөрчлөлт орсон. Гишүүд хэлэлцүүлгийн төвшинд гурван удаа асуулт асуух эрхтэй байсан. Миний хувьд хүний эрх, шүүх засаглал, Ерөнхийлөгчийн талаар саналаа хэлж, асуулт асуусан. Гэхдээ гишүүдийн саналаас илүү иргэдийн санал нэмэлт, өөрчлөлтөд чухал байна” гэв.
Хууль зүйн ухааны доктор, МУИС-ийн багш Амаржаргал “УИХ, Засгийн газар, шүүх эрх мэдэл, орон нутаг, Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээнд өөрчлөлт орж байгаа гэж ойлгож болно. Тухайлбал, шүүгчийн насыг дээшлүүлсэн, Засгийн газрын хувьд Ерөнхий сайд танхимын гишүүдээ томилдог байх, Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгохоор тусгасан” гэлээ.
Ингээд хурлын дараа иргэд саналаа хэлснийг хүргэж байна.
-Түнхэл тосгоны иргэн М.Тлеберд: Дордуулсан долоон өөрчлөлтийг сайжруулах саналтай байна. Мөн хот тосгоны зохион байгуулалтыг сайжруулмаар байна. Хөдөөд хөгжил алга. Орон нутагт төсвийн эрх мэдлийг олгож, ажлын байрыг нэмэгдүүлмээр байна.
-Түнхэл тосгоны иргэн С.Раднаабазар-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Хуулийн төслийн 57.2 заалтыг Хот, тосгоны эрх зүйн байдлыг тодорхой болгох гэж тусгах саналтай байна.
-Түнхэл тосгоны иргэн Д.Дамирансүрэн-Ерөнхийлөгчийн насыг наашлуулах саналтай байна. Яагаад 30 настай залуу энэ улсыг удирдаж болохгүй гэж. Энэ олон сонгууль хийдгээ болих хэрэгтэй. Н.Оюундарь гишүүнд талархаж явдгаа хэлмээр байна. Түнхэл тосгоныг хөгжүүлэх сэтгэлтэй байдагт тань талархаж явдаг шүү.
-Дулаанхаан тосгоны иргэн З.Батболд: Сумын иргэд Засаг даргаа сонгодог болох саналыг дэмжиж байна.
-Дулаанхаан тосгоны иргэн Саруултуяа: Иргэдээсээ сонгож байгаа даргыг авч үлддэг заалтыг тусгаж өгөхгүй бол аймгийн Засаг дарга нь өө хайгаад халж сэлгэх асуудал гарах юм биш үү.
-Дамдин: Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт орох уу. Иргэдийн эрхийг эрхийг их зөрчиж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагуу Зөрчлийн хуулийг эргэж харах саналтай байна.