Өчигдөр АНУ-ын батлан хамгаалах яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан огцрох өргөдлөө өгсөн тухай “USA Today” мэдээлжээ. Энэ алхмаа тэрээр өөрийнх нь нэр гэр бүлийн хүчирхийллийн асуудалд холбогдсоны үндсэн дээр хийж байгаа аж. Тус сонинд нийтэлснээр 2010 онд Шанахан тухайн үед эхнэр нь байсан Кимберли Жординсоныг согтуудаа зодож байсныг цагдаагийн дуудлагын тэмдэглэлд бичсэн байжээ. Тэмдэглэл бичсэнээр бол эхнэр нөхөр хоёр хоёулаа согтуу байсан бөгөөд эцэст нь Шанаханыг биш харин цагдаагийн дуудлага өгсөн эхнэрийг нь саатуулсан байна. Мөн 2011 онд 17 настай хүү нь ээжийгээ бэйсболын цохиураар ухаангүй болтол нь зодсоныг Шанахан “аргагүйн эрхэнд бие хамгаалах үүднээс хийсэн үйлдэл” гэж өмгөөлж байсан баримтыг Вашингтон Пост сонин дэлгэсэн байна. Есөн жилийн өмнө болсон энэ хэргийг одоо ХМТ мөрдөн шалгаж байгаа аж. Өнгөрсөн тавдугаар сард Цагаан ордон Шанаханыг Пентагоны удирдагчид жинхлэх асуудлыг сенатад удахгүй оруулах гэж байгааг зарлаж байсан бол өчигдөр Дональд Трамп түүний нэрийг татаж байгаагаа твиттер хуудсаараа мэдэгджээ.