Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох зорилт тусгагдсан билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сэтгүүлчдэд тайлбар хийлээ.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Одоогийн хэлэлцэж буй Үндсэн хуулийн өөрчлөлт нь дагалдах журамтайгаа батлагдана. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар дүүрэг, нийслэлийн сонгууль тус бүрдээ ИТХ-ын төлөөлөгчдийг сонгодог давхардсан бүтэцтэй болоод байна. Үүнээс болоод нийгмийн давхарга бүрт улс төржилт их байна. Хэдий чинээ манай улсад сонгууль олон явагдана, төдий чинээ ард иргэд улс төржиж байна. Иймд зөв, оновчтой иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтолцоог бий болгохоор ажиллаж байна.
Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар улиралд 5 сая, НИТХ-ын төлөөлөгч 10-20 сая төгрөгийн урамшууллыг улсын төсвөөс авдаг. Өөрөөр хэлбэл, орон нутгийн захиргаанд төсөвлөгддөг ихэнх төсөв ИТХ-ын төлөөлөгч нарын сонгуулийн зардалд тусгагдаж байна
Мөн дүүрэг, нийслэлийн ИТХ-уудын төсвийн бодлого хоорондоо уялдаагүй холбоогүй байна. Иймд энэ асуудлуудыг шийдвэрлэхийн тулд нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох шаардлагатай байна" гэлээ.