УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дууслаа.
Хуулийн төсөлтэй холбогдуулан иргэдээс ирүүлсэн санал, шүүмжлэлийг уншиж танилцуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 62 гишүүний 61 нь буюу 98.4 хувийн саналаар дэмжлээ. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эрх баригчдын зүгээс ганцхан гишүүн дэмжээгүй юм. Тэр нь Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн байлаа.
Улмаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн санал хураалтыг илээр явуулах буюу гишүүд гараа өргөж саналаа өгөх горимын санал гаргасан юм. Тус саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул дээрх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаагаа гишүүд гараа өргөж саналаа өгсөн юм.