Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын уулзалтаар хэн, юу ярьсан, энэ байгууллагад манай улс элсэх, эсэх талаар ямар байр суурь илэрхийлсэн зэрэг нь монголчуудын ихээхэн ач холбогдол өгч, анхаардаг сэдэв билээ. Тиймээс Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод энэ сарын 13-14-нд болсон ШХАБ-ын хурал болон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга юу ярьсан, хоёр хөршийн тэргүүн манай улстай холбоотой ямар байр суурь илэрхийлснийг дэлгэрэнгүй хүргэж байна.
ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ АСУУДЛААР АХИЦ, ДЭВШИЛ ГАРГАХЫГ САНАЛ БОЛГОВ
Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлсэн. Тэрбээр “Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагт өрнөж буй улс төр, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлздэг. Тиймээс бүс нутагт тогтвортой, аюулгүй байдлыг хангах, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх механизм болон төлөвшиж буй ШХАБ-д Монгол Улс ач холбогдол өгч ирсэн билээ.
Үүний нэгэн илэрхийлэл нь ШХАБ-ын дээд түвшний уулзалтад манай улсын Төрийн тэргүүн нар тогтмол оролцож ирсэн явдал бөгөөд миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар хоёр дахь удаагаа оролцож байна. Түүнчлэн ШХАБ-ын хүрээнд зохион байгуулж буй бусад олон талт уулзалт, арга хэмжээнд манай улс идэвх чармайлттай оролцож ирлээ.
Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд явуулж буй талаар Та бүхэнд мэдээлж байсан билээ. Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх асуудлаар дотоод доо олон нийтийн санал бодол хуваагдмал байна. ШХАБ-ын ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнууд, Нарийн бичгийн дарга нарын газрын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зургийн төслийг боловсруулж, ШХАБ-ын ажиглагчийн статусын журамд өөрчлөлт оруулах, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхээр төлөвлөж буйг талархан хүлээн авч байна.
Монгол Улс нь эрчим хүчний асар их нөөцтэй бөгөөд үр ашигтай, хямд өртөг бүхий үйлдвэрлэл явуулах өргөн боломжтой. ОХУ-ын Владивосток хотод өнгөрсөн оны есдүгээр сард болсон Дорнын эдийн засгийн IV чуулганд оролцох үеэрээ би Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулан, тодорхой механизм бий болгох санал тавьсан билээ. Бүс нутгийг хамарсан хамтын ажиллагааны хэлбэрүүд нь энх тайвныг хадгалах, итгэлцлийг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.
Монгол Улс ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд, түүний дотор манай хөршүүд болох ОХУ, БНХАУ-тай дэд бүтэц, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, дамжин өнгөрөх тээвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай бүтээлчээр шийдвэрлэхэд онцгой анхаарч ирсэн. ШХАБ-ын дээд түвшний энэхүү хуралдааны үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын гурван талт дээд түвшний ээлжит тавдугаар уулзалтыг хийж, гурван талын хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагын талаар ярилцана.
Гурван талын хамтын ажиллагааг цаашид улам идэвхжүүлэх, төмөр зам, авто тээвэр, байгалийн хийн хоолой, эрчим хүчний нэгдсэн сүлжээ зэрэг тодорхой асуудлаар ахиц дэвшил гаргах нь зөвхөн оролцогч улсууддаа төдийгүй ШХАБ-ын хүрээнд хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болох нь дамжиггүй.
Манай улсын төмөр замын төв коридороос баруун, зүүн тийш тус бүр 500 орчим км шинэ төмөр зам барих бүтээн байгуулалтын ажил саяхан эхэллээ. Энэ төмөр замыг мянга гаруй км үргэлжлүүлэн, манай улсын баруун хязгаарын Бургастайн хилийн боомт хүргэж, Хятадын Шинжаан Уйгурын Лаое-Мяо хилийн боомт руу холбох төлөвлөгөө бий. Өөрөөр хэлбэл, Та бүхэн Монголын нутгаар дамжин дэлхийн эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж буй Зүүн Азийн зах зээл рүү гарах боломж нээгдэнэ гэсэн үг юм.
Улаанбаатараас 1400 гаруй км алслагдсан баруун хязгаар болох Ховд аймгийн Ховд хотоос Казахстан, Узбекистан зэрэг дөт гарц нээж, эхний ээлжид халал мах тээвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Энэхүү гарцыг ашиглан Төв Азийн улс орнуудад хонины мах, бусад бүтээгдэхүүн тээвэрлэх боломж нээгдэх юм.
Монгол Улс ШХАБ-ын хүрээнд эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр, уул уурхай, хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах, терроризмтой тэмцэх зэрэг олон салбарт Та бүхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна. Түүнчлэн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдал, улс орнуудын хөгжил дэвшил, ард түмнүүдийн сайн сайхны төлөөх ШХАБ-ын үйл хэрэгт нэмэр хандиваа оруулж, хүчин чармайлтаа нэгтгэх болно” гэсэн.
ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ГУРВАН ТАЛТ УУЛЗАЛТЫГ ДАРГАЛЛАА
2014 оны есдүгээр сард Тажикистаны Душанбе хотод болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дүгээр хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар уулзсанаас хойш уламжлал болоод буй гурван талт уулзалт Бишкек хотын “Ала-Арча” цогцолборын “Буруна” харшид энэ сарын 14-нд боллоо. Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын оролцсон тав дахь удаагийн дээд хэмжээний гурван талт уулзалтыг манай улсын Төрийн тэргүүн даргалсан юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга уг уулзалтыг нээж үг хэлэхдээ “ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд, нийгмийн харилцааны бүхий л салбарт эрчимтэй өргөжин хөгжиж буйд миний бие сэтгэл хангалуун байдаг.
Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд миний бие өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ-д төрийн айлчлал амжилттай хийж, Бээжин хотод болсон “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд айлчлал амжилттай болж, Халхын голын ялалтын түүхт 80 жилийн ойг хамтран тэмдэглэх ажиллагаа ёслол төгөлдөр болно гэдэгт миний бие итгэл төгс байна. Манай улсын мөнхийн хөршүүд болох ОХУ, БНХАУ хоорондын хамтын ажиллагаа мөн идэвхтэй хөгжиж буйд монголчууд бид баяртай байдаг. БНХАУ-ын дарга Си Зиньпиний сая хан ОХУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай болсонд баяр хүргэе.
Гурван улсын хоорондын хоёр талын хамтын ажиллагаа ийнхүү өндөр түвшинд, тогтвортой хөгжиж буй нь гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай боломж бүрдүүлж буй билээ. Талуудын хүчин чармайлтын дүнд сүүлийн жилүүдэд гурван талын хамтын ажиллагааны механизм бүрдэж, эрх зүйн үндэс бэхжин, өргөжиж, зарим салбарт тодорхой ахиц гарч байна. Дамжин өнгөрөх тээврийн тухайд онцгой ахиц гарч, Хятадаас Орос болон Европын чиглэлд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо 2016-2018 онд 500 гаруй хувиар нэмэгдсэн нь гурван талын зохицуулалтыг сайжруулсан, хамтын ажиллагааны үр өгөөжийн тодорхой жишээ юм.
Гэхдээ гурван талын хамтын ажиллагааны ахиц, өрнөл нь бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байна гэдэгтэй Та бүхэн санал нийлэх болов уу. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр хэрэгжүүлснээс хойших гурван жилийн хугацаанд ард иргэдийн ахуй амьдрал, гурван улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц тодорхой төсөл эхлээгүй байгаа нь үнэхээр чамлалттай юм. Гурван та лын аль аль нь хүлээн зөвшөөрөхүйц, техник, эдийн засгийн үндэслэл нь бэлэн болсон төсөл ч байхгүй байна.
Тиймээс энэ удаагийн уулзалтаас гурван талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн тодорхой хариуцах эзэн, биелэлтийн хугацаатай чиглэлийг гурван улсын холбогдох байгууллагуудад өгөх шаардлагатай байна. Тухайлбал, Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийн үйл явцыг хэрхэн түргэтгэх талаар Та бүхэнтэй бүтээлч санал солилцох хүсэлтэй байна. Мөн гурван талын хооронд олон жил яригдаж ирсэн байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллан, тодорхой санал, дүгнэлт гаргуулах чиглэл өгөх саналтай байна. Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний олон талт байгууллагатай болох саналыг манай тал дэвшүүлж байна” гэлээ.
В.ПУТИН: ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ИЛҮҮ ИДЭВХТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХАД БЭЛЭН БАЙНА
Гурван талт уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Гурван улсын харилцааг идэвхжүүлэх зорилготой хоёр тохиролцоо хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураг болон гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд хийхээр төлөвлөж буй төслүүд Евразид бидний оролцоотой хэрэгжүүлэх интеграцчлалын үйл явцтай нийцэж байна. Бид ОХУ-ын Евразийн эдийн засгийн холбоо, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилга, Монголын “Талын зам” төслийг холбож, цаашид Евразийг хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.
Манай гурван улсын хамтын ажиллагааны чухал асуудал бол бүс нутгийн тээврийн дэд бүтцийн хөгжил юм. Гурван улсын хоорондох бараа бүтээгдэхүүн, хөрөнгө, ажил үйлчилгээний хил дамжсан хөдөлгөөнийг саадгүй явуулахыг бид хүсэж байна. УБТЗ-ыг түшиглэсэн тээврийн төв коридорыг шинэчлэх нь хамгийн чухал ажил гэж бид үзэж буй. Тиймээс БНХАУ, Монгол Улстай хамтран энэхүү тээврийн шугамын тээх хүчин чадлыг хэд дахин нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Ингэснээр БНХАУ-аас Европын зах зээлд гарах, Европоос БНХАУ-д хүрэх ачааны хэмжээ хэд дахин нэмэгдэнэ. Дэд бүтцийн өөр нэг чухал төсөл бол Зүүнбаян-Ханги чиглэлийн салаа төмөр зам.
Уг замыг ОХУ, Монгол Улсад үйлчилдэг стандартын дагуу 1520 мм буюу өргөн царигаар баривал ачаа тээвэрлэлтийн шугамыг дахин хуваарилж, Замын-Үүд, Эрээний хилийн боомтын ачааллыг бууруулах боломжтой. Манай гурван улсын дамжин өнгөрөх тээвэрлэлтийн нөөц бололцоог улам үр ашигтайгаар ашиглахад Олон улсын авто замын ачаа тээвэрлэлтийн гурван талт хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь чухал.
ОХУ нь БНХАУ, Монгол Улстай эрчим хүчний салбарт илүү идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байна. Энэ салбарт хэрэгжүүлж болох тодорхой төслийн саналыг БНХАУ, Монгол Улсын талаас сонсох хүсэлтэй байгаагаа илэрхийлье. Манай улсын зүгээс цахилгаан дутагдалтай бүс нутгуудад эрчим хүч нийлүүлэхийг санал болгож байна.
Дэлхий ертөнцийн санхүүгийн зах зээл тогтворгүй болохын хэрээр үндэсний мөнгөн тэмдэгтээ өргөн хэрэглээ болгох нь чухал санагдаж байна. Та бүхэн сонирхвол БНХАУ, Монгол Улсыг Оросын банкны мэдэгдэл дамжуулах системд холбох асуудлыг авч хэлэлцэж болно” гэв.
СИ ЗИНЬПИН: МОНГОЛЫН ТАЛ ШХАБ-Д ГИШҮҮНЭЭР ЭЛСЭХ ШИЙДВЭРЭЭ АЛЬ БОЛОХ ЭРТ ГАРГАЖ, БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ОЛОН НӨӨЦ БОЛОМЖООС ХУВААЛЦАХ ХЭРЭГТЭЙ
БНХАУ-ын дарга Си Зиньпин “Гурван улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх замын зураглал баталсан. Энэхүү баримт бичиг нь хамтын ажиллагааны зарчим, чиг хандлагыг зааж өгөх ерөнхий чиглүүлэгч юм. Мөн гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурснаар тус коридор болон ажил хэрэгч хамтын ажиллагааны тэргүүлэх салбар, төслүүдийг тодорхой болгосон. Гурван улсын гааль, тээвэр, аялал жуулчлалын салбарын эрх бүхий байгууллагуудын хооронд яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны механизм бий болж байгаа.
Өнгөрсөн оны зургадугаар сард Циндао хотод гурван улсын Төрийн тэргүүн нарын дөрөв дэх уулзалтын үеэр хамтын ажиллагааг урагшлуулах төлөвлөгөө баталсан. Үүнээс хойших нэг жилийн хугацаанд гурван тал нягт хамтран ажилласны үр дүнд гурван улсын хамтын ажиллагааны агуулгыг улам баяжуулж ирлээ. Өнгөрсөн оны есдүгээр сард гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулах санамж бичигт гарын үсэг зурж, энэ ажлыг явуулах таатай нөхцөл бүрдүүлсэн.
Дэлхий дахинд худалдааны салбарт нэг талыг баримталсан үзэл зонхилж байгаа үед гурван улс хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, хамтдаа хөгжих тохиролцоогоо тууштай баримталж, хүчирхэг стратегийг уялдуулан хөгжүүлэх, улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэг гээд бүх л салбарт хамтрах, олон талт үзлийг хамгаалах, дэлхийн эдийн засгийг эрүүл, нээлттэй болгох гэх мэт мессежийг өгвөл зохино.
Гурван улсын хамтын ажиллагааг урагшлуулах талаар хэдэн санал тавья.
Нэгдүгээрт, гурван улсын хамтын ажиллагааг улс төр, стратегийн түвшинд хөгжүүлье. БНХАУ, ОХУ, Монгол гурав хөдөлшгүй хөрш, хамтын ажиллагааны түнш юм. Сайн хөршийн найрсаг харилцаа, өндөр түвшний харилцан итгэлцэл нь гурван улсын хамтын ажиллагааны үндэс суурь байна. Цаашид эрх тэгш, харилцан туслалцдаг, найрсаг харилцаатай, дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэсэн зарчмын дагуу улс төрийн харилцааны итгэлцлийг гүнзгийрүүлэх хэрэгтэй байна.
Хоёрдугаарт, тэргүүлэх салбарын төслүүдийг хэрэгжүүлж, гурван улсын хамтын ажиллагааг урагшлуулах, эдийн засгийн коридор байгуулах нь бидний зорилго юм. Эдийн засгийн коридор байгуулах ажлыг урагшлуулах механизмаа ашиглан, хөтөлбөрөө үргэлжлүүлэх, нэгэнт тохиролцоонд хүрсэн төслүүдээ хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Төмөр замын шинэчлэл бол эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх тэргүүлэх төсөл учраас цаашид үүн дээр анхаарал тавьж, хамтран ажил лахад бэлэн байна.
Орон нутгийн хамтын ажиллагаа бол гурван улсын хамтын ажиллагааны салшгүй хэсэг. Монгол, Оростой хил залгадаг Өвөр Монголын Ганьсу, Шинжаан зэрэг аймагт хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ байгуулах санаачилгыг зарчмын хувьд дэмжиж байна. Цаашид энэ талаар судална. Мөн байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дайруулах асуудлыг нааштайгаар шийдэх боломжийг судална.
Гуравдугаарт, ШХАБ-ын хүрээнд гурван улсын харилцааг эрчимжүүлнэ. ШХАБ гишүүнчлэлээ өргөтгөсний дараа бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжилд чухал хувь нэмрээ оруулах болно. Олон улс ШХАБ-ыг өндрөөр үнэлж, хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлж байгаа. Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэн орвол өөрийн давуу талыг улам сайн ашиглаж, бүс нутгийн хамтын ажиллагаанд гүнзгий оролцон, олон бодит үр ашиг хүртэх болно. Монголын тал ШХАБ-д гишүүнээр элсэх шийдвэрээ аль болох эрт гаргаж, бүс нутгийн хамтын ажиллагааны олон нөөц боломжоос хуваалцах хэрэгтэй” гэлээ.