Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг АН-ын зөвлөл дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Энэ талаар тус намын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Монгол Улсын Үндсэн хууль оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх асуудалд АН-ын зөвлөл оролцох боломжгүй гэдгээ илэрхийлээд хурлыг орхиж гарлаа. Бид ёс зүйгүй, эрх зүйн чадамжгүй УИХ "эцэг хууль" буюу Үндсэн хуульд гар хүрэх эрх зүйн болоод ёс зүйн чадамжгүй гэж үзэж байна. УИХ-д 64 суудалтай МАН-ын 50 гаруй гишүүн хэрэг зөрчилд ямар нэгэн байдлаар холбогдсон. Үүнийг хуулийн байгууллага тодорхой шалгаагүй өдийг хүрлээ. Нотлох баримтууд нь ил тод байгаа. Жишээлбэл, ЖДҮ-г өөрийн болон хамаарал бүхий этгээдүүдийн компанид олгож, зориулалтын бусаар ашигласан. Хоёрдугаарт, төрийн эсрэг онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн нам Үндсэн хуульд гар хүрэх ёсгүй. 60 тэрбумын схемээр төрийн эрхийг авсан гэдгээ МАН өөрсдээ хүлээн зөвшөөрсөн. Иймд тус нам татан буугдах ёстой. Мөн хуулийн хариуцлага хүлээх ёстой.
Өргөн барьсан хууль нь өөрөө процедурын алдаатай.
Нэгдүгээрт, Ерөнхийлөгчөөс санал авах ёстой ч аваагүй. Бидний авсан мэдээллээр Ерөнхийлөгчид хуулийн төслүүдийг танилцуулснаас биш санал авах хүсэлтээ хүргүүлээгүй юм билээ.
Хоёрдугаарт, Ард түмний санал асуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх ёстой. Гэтэл УИХ-аар нэмэлт өөрчлөлтийн асуудлыг эхлүүлчихээд дараа нь ард түмнээс санал авна гэдэг зүйл ярьж байгаа нь ард түмнийг дахин хууран мэхлэх гэсэн оролдлого юм. Нэгэнт хэлэлцээд эхэлсэн бол эрх баригч нам өөрсдийн байр сууриар шууд батлах боломжтой байна.
Гуравдугаарт, Жендерийн эрхийг ноцтой зөрчиж байна. Жишээлбэл, 55 нас хүрсэн хүн Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэж байна. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулиар 55 настай эмэгтэйчүүд тэтгэвэрт гардаг. Ингэснээр 55 нас хүрсэн эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж болохгүй байхаар оруулсан байна. Өөрөөр хэлбэл, жендерийн эрхийг ноцтой зөрчиж, эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрхэд халдаж байгаа юм.
Дөрөвдүгээрт, Шүүх эрх мэдлийн хараат бус байх зохицуулалтад халдсан заалт оруулсан байна. Ерөнхийлөгчийн томилдог шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлагын томилгоог эрх баригч нам булаан авах гэж байна. Тэр байгууллагуудын халдашгүй эрхэд халдаж байна.
Иймд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг эрх баригч нам олонхоороо түрээ барьж хүч түрэмгийлэх байдлаар батлахын оролдвол Ардчилсан нам байж болох бүхий л улс төрийн акцийг хийнэ. Бусад улс төрийн нам болон нийт ард түмэнтэйгээ хамтарч тэмцлийн бүхий л хэлбэрийг ашиглана" гэв.