Өчигдөр Оманы буланд газрын тос тээвэрлэгч хоёр усан онгоц халдлагад өртсөн бөгөөд эл явдалд Вашингтон Ираныг буруутган өөрийн байлдааны хөлгүүдээ тус буланд илгээжээ. Энэ тухай АНУ-ын Зэвсэгт хүчний төв командлалын албан ёсны төлөөлөгч хурандаа Эрл Браун мэдэгдэхдээ “АНУ-ын USS Мason (DDG 87) хөлөг онгоц хэрэг явдал болсон газарт очиж туслахаар явж байгаа. Манай улс болон холбоотнууд тус бүс нутагт өөрсдийгөө болон ашиг сонирхлоо хамгаалахын тулд чадах бүхнээ хийх болно. Өнөөдрийн болсон явдлыг олон улсын усан замын аюулгүй байдалд заналхийллээ гэж бид үзэж байна” гэжээ. Ингэхдээ тэрбээр “Ойрх Дорнодод шинэ мөргөлдөөнд оролцох сонирхол бидэнд алга. Бид өөрсдийн эрх ашгийг хамгаалах болно, гэхдээ Ирантай дайтах нь бидний стратегийн зорилго биш. Олон улсын хамтын нийгэмлэг ч үүнийг хүсэхгүй байгаа” хэмээн тодруулжээ. Өмнө нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Оманы буланд гарсан халдлагад Исламын Бүгд Найрамдах Иран улсыг буруутгахдаа “Дүгнэлтийг тагнуулын мэдээлэл, хэрэглэсэн зэвсэг, халдлагыг гүйцэтгэсэн ур чадвар, саяхан болсон ижил төстэй халдлагын мэдээлэл дээр тулгуурлан гаргалаа. Үүнээс гадна ийм хэмжээний халдлагыг гүйцэтгэх чадвартай жижиг зэвсэгт бүлэглэл одоогоор байхгүй юм” гэж тайлбарлажээ. Өчигдөр НҮБ-ыг дэргэдэх Иран улсын байнгын төлөөлөгч Оманы хоолойд болсон хадлагад АНУ Ираныг буратгаж байгааг эрс шүүмжилжээ. Түүнээс өмнө Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф болсон халдлагыг “сэжигтэй хэрэг явдал” гэж үзэж байгаагаа твиттер хуудсандаа бичээд бүс нутгийн орнуудын дунд уулзалт яриа хийхийг уриалсан байна. Халдлагад өртсөн Норвегийн усан тээврийн Frontline компанийн хөлөг Саудын Арабаас Сингапур руу метанол тээвэрлэж явсан бол Панамд бүртгэлтэй Японы компанийн эзэмшилийн Kokuka Courageous усан онгоц Арабын Нэгдсэн Эмират улсаас түүхийн нефть зөөж явжээ. Тус бүс нутагт ижил төстэй халдлага өмнө нь ч гарч байжээ. Эдгээр хэрэг явдлын улмаас тус бус нутагт дайн дэгдэх аюул нүүрлэхээс гадна дэлхийн зах зээлд газрын тосны үнэ нэмэгдэж магадгүй болоод байгаа аж.