Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэх хуралдааныг өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хийж, дэмжлээ. Өнөөдөр уг төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн босго өндөр. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүдийн дөрөвний гурав нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцох ёстой. Өчигдрийн хуралдаанд тус байнгын хорооны 19 гишүүнээс 78 хувь нь ирсэн байв. Ингээд санал хураахад 15 гишүүнээс 13 нь дэмжсэн юм. Санал хураалтад гишүүн Д.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн нар оролцоогүй. Өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжвэл УИХ үүнийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Улмаар УИХ энэ чуулганыг дуустал, шаардлагатай бол ээлжит бус чуулган зарлаж, зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ярилцах юм. Гэхдээ “Эцэг хууль”-д гар хүрэх эл үйл явц тийм ч амар байхгүй болов уу. Уг төсөл нь холбогдох хуулийн зарим шаардлагыг хангаагүй тул буцаахыг Ерөнхийлөгч шаардаж буй. Үүнийг АН-ынхан ч дэмжиж байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд АН-ын зөвлөлийн дарга Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжиж буйгаа илэрхийлээд, хэлэлцүүлгийг хойшлуулах санал тавьсан ч хүлээж аваагүй. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барихдаа хууль зөрчсөн, эсэх талаарх харилцан адилгүй байр суурийг хүргэж байна.
Төрийн тэргүүнээс санал аваагүй нь хуулийн шаардлага хангаагүй гэсэн үг
Д.Эрдэнэбат (АН-ын зөвлөлийн дарга): -Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барих үйл явц нь алдаатай байна гэдэгт манай гишүүд санал нэгдсэн. Тиймээс анхны хэлэлцүүлэг явуулах боломжгүй. О.Баасанхүү гишүүн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар манай зөвлөлтэй хамтран ажиллахаар болсон. Юу нь зөрчилтэй байгаа талаар би тодорхой хэлэх нь зүйтэй болов уу. Нэгдүгээрт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарим шаардлагыг хангаагүй. Уг хуулийн 10.1.3-т Ерөнхийлөгч, Засгийн газраас төслийн талаар санал авах ёстой талаар заасан байдаг. Гэтэл хуульд заасны дагуу Ерөнхийлөгчөөс санал аваагүй нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн нийтлэг шаардлагыг хангаагүй гэсэн үг. Энэ асуудлаар Ерөнхийлөгч УИХ-ын дарга Г.Занданшатарт хандаж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаахыг сануулсан. Ингэхдээ уг төсөл нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Төрийн тэргүүн албан бичигтээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10.1 дэх хэсэгт “УИХ-д өргөн мэдүүлсэн төсөл нь доор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна” гээд, 10.1.3-т “төслийн талаар Ерөнхийлөгчөөс санал авсан байх” шаардлагыг хуульчилсан. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 2017 оны наймдугаар сарын 8-нд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал авах тухай 7451, 2018 оны зургадугаар сарын 22-нд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах тухай 8/7586 тоот албан бичгээр тус тус хандсан. Эдгээр нь утга, агуулгын асар зөрүүтэй төсөл тул Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 2019 оны дөрөвдүгээр сарын 9-нд ТГ/254 тоот албан бичгээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцанд тусгайлан хандаж, санал өгөх төсөл болон холбогдох бусад материалын эцсийн хувилбарыг ирүү лэхийг хүссэн. Гэвч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг албан ёсоор өнөөдрийг хүртэл ирүүлээгүй бөгөөд уг төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгааг хэвлэлийн мэдээнээс анх олж мэдсэн болно. Иймд хууль зөрчин өргөн барьсан уг төслийг буцааж, хуулийн шаардлага хангуулах арга хэмжээ авна уу” хэмээн тодорхой дурдсан байна шүү дээ. Ийм том төслийг өргөн барьчихаад байхад Ерөнхийлөгч нь хэвлэлийн мэдээнээс мэдэж байгаа нь ноцтой асуудал.
Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөн хууль байна гэж заасан байдаг. Гэтэл тийм хэлбэрээр өргөн бариагүй нь энд байгаа төслөөс харж болно. Тэгээд ч өчигдөр (уржигдар) Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхтэй холбоотой нэмэлтийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулан баталж, ёсчилсон. Хуулийг ёсчилсноос хойш тав хоногийн дотор Ерөнхийлөгч хориг тавих эрхтэй. Гэтэл энэ хугацаа гүйцээгүй байхад, өнөөдөр (өчигдөр) ингэж хэлэлцэх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хуралдааны ямар ч дэггүйгээр хэлэлцэж байна гэсэн үг. Тиймээс уг төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах шаардлагатай. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхлэхдээ л хууль зөрчвөл хол явахгүй. Үүнд бүх нийтийн зөвшилцөл хэрэгтэй. Энэ байдлаар хандвал Цэцэд очих хэрэг болно. Гэтэл олонх хүч түрж, сөрөг хүчин хийгээд Ерөнхийлөгчийн үгийг сонсохгүй баталбал улс төрийн намууд эсэргүүцлээ илэрхийлэх болно.
Ерөнхийлөгчөөс санал авахаар хоёр удаа хандсан ч хариу ирүүлээгүй
С.Бямбацогт (Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга): -“УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн болон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль зөрчиж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх гэж байна” хэмээн Ерөнхийлөгчөөс албан бичиг ирүүлсэнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газар, Хууль эрх зүйн хэлтсээс мэдээлэл авсан. Энэ мэдээллийг та бүхэнд хэлэх нь зөв гэж бодож байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зүйлийн 10.1 дэх хэсэгт “УИХ-д өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна”, мөн зүйлийн 10.1.3 дахь заалтад төслийн талаар Ерөнхийлөгч, Засгийн газраас санал авсан байх, 10.2 дахь хэсэгт байгууллага, албан тушаалтан төслийн талаарх саналаа 30 хоногт багтаан хууль санаачлагчид хүргүүлэх, 10.3 дахь хэсэгт энэ хуулийн 10.2 дахь хэсэгт заасан хариу ирүүлээгүй бол тусгайлан өгөх саналгүй гэж үзнэ” гэж заасан байгаа. Үндсэндээ энэ процессын дагуу хууль санаачлагчид санал авах албан бичиг явуулсан юм байна лээ. 2017 оны тавдугаар сарын 5-нд УИХ-ын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, санал авахаар Д.Лүндээжанцан нарын 16 гишүүн 2017 оны тавдугаар сарын 10-нд 4805 тоот албан бичгээр Ерөнхийлөгчид хандсан. Эл албан бичгийн хариуд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан 2017 оны тавдугаар сарын 18-нд ТГ/273 тоот албан бичгээр тодорхой таван санал ирүүлсэн байна. Төслийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлж, нэгдсэн ойлголцол, зөвшилцөлд хүрэх зарчмыг хатуу баримтлах нь зүйтэйг онцолсон хариу өгсөн. Үүнийг харгалзан УИХ 2017 оны зургадугаар сарын 2-нд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай 39 дүгээр тогтоол гаргаж, төслийг улс орон даяар, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн. Ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан, Л.Болд нараас хэлэлцүүлэг зохион байгуулах асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлтээ илэрхийлж, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн үзэл баримтлал, танилцуулгыг 2017 оны наймдугаар сарын 8-нд 7451 тоот албан бичгээр Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлж, төслийн талаарх саналаа 2017 оны есдүгээр сарын 1-нд ирүүлэхийг хүссэн байна. Уг албан бичигт Ерөнхийлөгч Х.Баттулга хариу ирүүлээгүй юм байна. Өнгөрсөн хугацаанд УИХ-ын холбогдох ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж, түүний дүнг нэгтгэсний үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд зохих саналыг тусган боловсруулах ажил үргэлжилсээр ирсэн. Төсөл боловсруулах бүх үе шат, ажил ил тод байж, төслийн бичвэрийг 2017 оны тавдугаар сарын 10, 2018 оны зургадугаар сарын 22, 2019 оны дөрөвдүгээр сарын 4-нд тус тус УИХ-ын албан ёсны цахим хуудсанд байршуулж, олон нийтийн санал авах ажлыг тасралтгүй хийж байсан. Төслийн зарим бичвэрийг ажлын шугамаар тухай бүрт нь Ерөнхийлөгчийн Тамгын газарт биечлэн хүргүүлж байжээ. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар санал авахаар уг төслийг 2018 оны зургадугаар 22-нд ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан нарын 67 гишүүний гарын үсэг бүхий, 8/7586 тоот дугаартай албан бичгээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ҮАБЗ, Хүний эрхийн үндэсний комисс, Монголбанк, Шүүхийн ерөнхий зөвлөлд тус тус хүргүүлжээ. Төслийн талаар Ерөнхийлөгч хуульд заасан хугацаанд саналаа ирүүлээгүй тул Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу төслийн талаар тусгайлан өгөх саналгүй гэж үзсэн. Ийм байдлаар Ерөнхийлөгчөөс санал авахаар хууль санаачлагчдын гарын үсэгтэй албан бичгийг хоёр удаа хүргүүлсэн боловч тухай бүрт нь Ерөнхийлөгчөөс хариу ирүүлээгүй гэсэн тайлбарыг манай Тамгын газраас гаргасан байна. Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг одоо хэлэлцэх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийг зөрчөөгүй.