УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай баттай эх сурвалжууд мэдээлэв. Энэ талаар АТГ-ынхнаас тодруулахыг хүсэхэд “Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй. Сар бүрийн 25-нд хийдэг хэвлэлийн хурлын үеэр шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн талаар холбогдогчдынх нь нэрийг хэлэлгүй мэдээлэл өгсөн ч НПГ-аас албан бичиг ирүүлж, хэрэг бүртгэлтийн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй, шүүхэд шилжүүлсэн хэргийг мэдээлэхгүй байхыг удаа дараа анхааруулсан” гэсэн юм.
АН-ын даргад ойрын нэгэн нь “С.Эрдэнэ даргад хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээлэл худлаа” хэмээв. Харин прокурорын байгууллагын хэд хэдэн баттай эх сурвалж “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь үнэн юм билээ. Шалгаад гэм буруутай, эсэхийг тогтоосны дараа л тодорхой мэдээлэл өгөх боломжтой шүү дээ. Иргэдээс ирүүлсэн гомдолд Нийгмийн даатгалын болон Тэтгэврийн санд их хэмжээний хохирол учруулсан гэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч хувьдаа завшсан хэмээх, “Найрамдал” зуслангийн орчимд авсан газрын асуудал гээд хэвлэлээр удаад дараа гарч буй мэдээллийг шалгуулах тухай дурдсан гэсэн. Хяналтын прокурор, мөрдөгч нь тухайн гомдолтой танилцсан учраас дэлгэрэнгүй мэдээлэлтэй байгаа байх” гэлээ.
Г.РАВЖАА