Өчигдөр Суданд төрийн эргэлт хийх гэсэн оролдлого дахин гарсан тухай Египетийн “Аль-Арабия” суваг мэдээлжээ. Тус мэдээлэлд “Суданд Шилжилтийн цэргийн зөвлөлийн эсрэг эргэлт хийх гэсэн оролдлогыг таслан зогсоолоо. Тус хэрэгт 68 офицер холбогдон шалгагдаж байна” гэжээ.
2011 онд АНУ-ын зүгээс тавьсан хориг болон Өмнөд Суданыг тусгаарласнаас хойш тус улсад эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа билээ. 2018 оны арванхоёрдугаар сараас эхлэн талхны үнийг буулгахыг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн удалгүй засгийн эрхийг 30 жил атгасан Омар аль-Баширын эсрэг чиглэсэн юм. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 11-нд төрийн эргэлт гарч Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулан, шоронд хийсэн бөгөөд Засгийг газрыг Шилжилтийн цэргийн зөвлөл удирдах болсон аж. Хэдий Зөвлөл хоёр жилийн дотор засгийн эрхийг сонгогдсон эрх баригчид шилжүүлэхийг амласан ч ард иргэдийн эсэргүүцэл намжилгүй нэн даруй иргэнийн Засгийн газар байгуулахыг шаардан өдий хүрсэн юм.