Өнгөрсөн Ням гарагт Хонгконгт, гэмт хэрэгтнийг эх газрын Хятадад шилжүүлж, шүүлгэх хуулийн төслийг эсргүүцсэн олон мянган хүний жагсаал болсон билээ. Энэ жагсаал нь тус арлыг Британиас Хятадад шилжүүлснээс хойш болсон хамгийн том эсэргүүцлийн арга хэмжээ аж. Гэмт хэрэгтнийг Хятадад шилжүүлж, шүүлгэх хууль хэрэгжүүлэх гэж байгаа нь Хонгконгийн бие даасан байдлыг Бээжингийн зүгээс эвдэх оролдлого гэж тэмцэгчид үзэж байгаа юм.Өчигдөр Хонгконгчууд дээрх хуулийн төслийг эсэргүүцэж байгаагаа дахин илэрхийлэн жагсжээ. Хар нүдний шил, маск зүүсэн бүлэг залуус засаг захиргааны байр руу чиглэсэн замууд дээр төмөр хаалт босгож, явган хүний замын хавтангуудыг ховхлон хана босгож эхэлжээ. Үдээс хойш жагсаал улам хүчээ авч жагсагчид болон хууль сахиулагчдын хооронд мөргөлдөөн гарч эхэлжээ. Өмнө нь Хонгконгийн цагдаагийн газрын дарга тус эсэргүүцлийн жагсаалыг “үймээн самуун” хэмээгээд, эрх баригчдад хүч хэрэглэхээс өөр арга үлдсэнгүй тухай мэдэгдсэн юм. Цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч, резинэн сум, бороохой хэрэглэсэн байна. Мөргөөлдөөний үеэр 22 хүн гэмтэж бэртжээ. Уг хуулийн төслийг хэлэцэх ёстой байсан парламентын хурал хойшлогджээ.