Зочин Э.ГЭРЭЛТ-ОД (Улс төр судлаач, доктор)
Уншигч-сурвалжлагч Д.ЭНХЦЭЦЭГ (Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер, судлаач)
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн мажоритар тогтолцооны улс 76 мандаттай нэг тойрог, сонгогч нэг санал хувилбарыг хэрэглэхээр санал нэгдсэн талаараа мэдээлсэн. Улсаараа нэг тойрог болж, намууд тус бүр 76 нэр дэвшигч илгээх, нийт мянгын тоо руу дөхөж ч мэдэх нэр дэвшигчдээс сонгогч нэг нэр дугуйлах уг тогтолцооны талаар нийгэмд хэлэлцүүлэг өрнөөд буй. Эл тогтолцооны давуу болон сул тал, манайд хэр тохиромжтой зэргийг Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер, судлаач Д.Энхцэцэг, улс төр судлаач, доктор Э.Гэрэлт-Од нар ярилцлаа. Судлаач Д.Энхцэцэг энэ удаа манай сонины уншигч-сурвалжлагчаар ажилласан юм.
-Доктор Э.Гэрэлт-Од, Та бол Улс төрийн намын тухай хуулийг өөрчлөх төсөл боловсруулах дэд ажлын хэсэгт ажиллаж байгаа, Сонгуулийн тухай хуулийг сонирхон судалдаг, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцдог судлаач. Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт, ялангуяа сонгуулийн тогтолцоог өөрчлөх тухай яриа нийгмийн анхаарлыг татаж буй үед бид уулзаж байна. Ер нь өмнөх тогтолцоонд ямар асуудал байсан учраас тогтолцоог өөрчлөх тухай яриад эхэллээ гэж Та судлаачийн хувьд үзэж байна вэ?
-УИХ-ын өнгөрсөн долоон удаагийн сонгуулийг бараг бүгдийг нь мажоритар тогтолцоогоор явуулж ирсэн. 2012 онд нэг удаа холимог тогтолцоо хэрэглэсэн хэдий ч тэр нь 76 гишүүний 48-ыг томсгосон тойргоос мажоритараар сонгосон шүү дээ. Тиймээс бүх сонгуульд мажоритар тогтолцоог хэрэглэсэн гэж байгаа юм. Энэ 30 жилийн хугацаанд юу болов, ямар үр дүн гарав гээд харвал, нэгдүгээрт, улс төрийн намууд төлөвшиж чадахгүй байна. Намуудыг бодлоготой, үнэт зүйлтэй байх ёстой гэдэг ч тэр нь өнөөг хүртэл бүрдсэнгүй. Хоёрдугаарт, сонгогчдын санал парламентад бүрэн тусгалаа олж чадахгүй байна. Гуравдугаарт, улс төрийн санхүүжилтийг хянаж чадахгүйгээс мөнгөний улс төр цэцэглэлээ. Дөрөвдүгээрт, парламентад нийгмийн төлөөллийн оролцоог хангаж чадаж байна уу, өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүд, залуусын төлөөлөл парламентад хангалттай орж байна уу гэсэн асуулт гардаг. Манай улс төрд маш дутмаг, тулгамдаад буй асуудлууд бол энэ дөрөв. Ямар нэг өөрчлөлт, шийдэл гаргахдаа, тэр дундаа сонгуулийн тогтолцооны тухай ярихдаа эдгээр асуудлыг шийдэхэд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг талаас нь байнга харах ёстой гэж би хувьдаа боддог. Гэтэл энэ удаа танилцуулж буй улс-нэг тойрог, сонгогч-нэг санал гэсэн тогтолцоо нь эдгээр асуудлыг бүрэн шийдэж чадахгүй.
-Мажоритар тогтолцоо нь төлөөлөл болоод улс төрийн намын төлөвшилд хэрхэн нөлөөлж ирсэн тухай, ерөнхийдөө сөрөг үр дагавар ихтэй байсан талаар Та ярилаа. Тэгвэл шинээр дэвшүүлж буй хувилбар өмнөх тогтолцооны бий болгосон асуудлыг шийдэж чадах уу. Үүнийг авч хэрэглэвэл ямар нөлөө, үр дагавар гарах бол?
-Улс-нэг тойрог, сонгогч-нэг санал тогтолцоог яг яаж хэрэглэх гээд байгааг нь сайн ойлгохгүй байна. Саналыг хэрхэн тооцох вэ гэдэг нь тогтолцооны хамгийн гол мөн чанар. Өөрөөр хэлбэл, хэдийгээр мажоритараар санал авч байгаа ч пропорционал руу шилжүүлж тоолох гээд байна уу, эсвэл хамгийн олон санал авснаар нь улаан шугам татаж байгаад шууд эхний 76-г парламентад оруулах гээд байна уу гэдэг нь одоо болтол тодорхойгүй. Үр дагавар нь үүнээс хамааралтай.
-Хамгийн олон санал авсан 76-г оруулна гэж ойлгосон.
-Хэрэв яг энэ хувилбараар явбал 76 дахь хүн дээр санал тэнцвэл яаж шийдэх вэ гэх мэтчилэн олон асуудал урган гарна. Дэвшүүлж буй тогтолцоогоор явбал улс төрийн намууд үндэсний хэмжээний бодлого ярих байх. Энэ талаасаа бол сайн үр дүн гарахыг үгүйсгэхгүй. Бусад асуудалд ямар ч ахиц гарахгүй. Ялангуяа бидний сүүлийн үед ярьж буй улс төрийн санхүүжилтийг эрүүлжүүлэх, намын төлөвшил, сонгогчдын оролцоо, төлөөллийг хангах гэх мэтийн асуудалд ухралт гарна. Тэр дундаа угсаатны төлөөлөл парламентад орж чадах, эсэх нь залуус, эмэгтэйчүүдийнхээс ч илүү хурц асуудал болно. Энэ талаар улс төр сонирхогчид, судлаачид дуугараад эхэлсэн харагдсан. Бидэнд тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдэх вэ гэдэг талаас нь харвал энэ сайн хувилбар биш. Харин парламентад суусаар олонд танигдсан нөлөө бүхий, хуучинсаг улстөрчид, популистуудад ашигтай хувилбар байх.
-Бодлоготой нам, популист улстөрч хоёр бол эсрэг тэсрэг зүйл шүү дээ. Энэ тогтолцоог хэрэглэснээр популистууд нь сонгогчдод таалагдах гэж ийш тийш нь авч давхиад байвал намууд бодлоготой болж чадах уу?
-Парламентад суудалтай намын улс төрийн бодлого гэхээсээ илүү нэр дэвшигчид улсын төсвийг 76 хэсэгт хувааж, хөгжлийн бодлогыг тодорхойлж байгааг бид жил бүрийн арваннэгдүгээр сард төсөв хэлэлцэх үеэр хардаг шүү дээ. Одоо бол энэ нь харьцангуй хумигдаж, үндэсний хэмжээнд аль нь илүү хэрэгтэй, чухал вэ гэдгээ хэлэлцэх боломж бүрдэнэ гэж харж байгаа юм. Энэ утгаараа нам үндэсний хэмжээний бодлоготой болох дүр зураг ажиглагдаж магадгүй. Гэхдээ бодит байдал дээр популист, олны танил улстөрчид олон нийтэд таалагдах гэсэн, шинжлэх ухааны үндэслэлгүй, явцуу, сонгогчдын хүлээлтэд хэт нийцүүлсэн бодлого руу намаа чирсээр байх аюул бий. Ерөнхийдөө улсын төсвийг 76 хуваахгүй гэдэг талаасаа дээрдэх боловч бодит байдал дээр үр дүн гарахгүй.
-Эрх баригчдын санал болгож буй олон мандат, нэг тойрог тогтолцоог Тайваньд хэрэглэж байгаад 1994 оноос халсан. Харахад том тойрог мэт боловч намууд дотроо тохиролцоод, хэсэг хэсгээр нь хуваагаад авчихдаг, өөрөөр хэлбэл, нам олонд танигдсан 5-6 хүнийг биш, илүү олон хүнийг суудалтай болгохын тулд том тойргоо дотор нь блоклоод хуваачихдаг. Тэгээд тэндээ жалга довны фракц бий болгож, мөнгөөр өрсөлдөн, сонгуулийн өртгийг өсгөөд байсан учраас энэ хувилбарыг хэрэглэхээ больсон юм билээ. Энэ үзэгдэл манайд давтагдахгүй гэх баталгаа байна уу?
-Монголын практикаас харахад бид жижгэрүүлсэн тойрог, нэг мандат болон томсгосон тойрог, олон мандат гэсэн системийг өнгөрсөн хугацаанд хэрэглэж ирлээ. Жижиг, нэг мандаттай тогтолцоог бага зэрэг томруулж, олон мандаттай болгоход нэг намын нэр дэвшигчид хоорондоо өрсөлддөг сул тал ажиглагдсан. Одоо улсаараа нэг тойрог болохоор бие биенийхээ дээр яаж гарах вэ гэсэн өрсөлдөөн улам хүчтэй болно. Өмнө нь нэг намын 2-3 нэр дэвшигч хоорондоо өрсөлдөж байсан бол одоо нэр дэвшигч бусад намын 500-600 хүнээс гадна өөрийн намын 75-тайгаа өрсөлдөнө. 76 нэр дэвшигч нь хоорондоо өрсөлдөөд байхаар улс төрийн намын бодлого, эв нэгдэлтэй цул байх, нэгнээ дэмжиж ажиллах гэдэг зүйл үгүй болно гэж харж байна. Ийм нөхцөлд сонгуулийн зардал улам өснө, маш их хэмжээний мөнгө зарцуулна. Хэвлэл мэдээллийг хэрхэн хянах вэ гэдэг нь хүнд асуудал болно. Дараа нь 2012, 2016 онд хэрэглэсэн сонгуулийн санал тоолох автомат машиныг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудал үүснэ. Саналыг автоматаар тоолох нь маш том дэвшил байсан шүү дээ. Үүнийгээ яаж хэрэглэх вэ, олсон ололт, техникийн дэвшлээс ухарчих вий дээ гэсэн болгоомжлол байна. Энэ талаас нь бас харах хэрэгтэй.
-Сонгууль зохион байгуулах ажил, процессыг хүндрүүлэх вий гэдэг бол болгоомжлохоос аргагүй зүйл л дээ.
-Бусад улс орныг харахад аливаа сонгуулийн саналыг тоолж, тооцож, нэр дэвшигч нь гарч ирж буй үйл явцыг яавал сонгогчдод илүү ойлгомжтой, хялбар байлгах вэ гэдэг талаас нь анхаардаг. Одоо ярьж буй тогтолцоогоор бол мянга шахам нэр дэвшигчээс хэнийг яаж сонгох вэ гэдэг нь сонгогчдод хүндрэлтэй байх болно. Улс төрийн намын дотоод, гадаад зөрчил, маргаан улам ихэснэ. Саналын хуудасны форматаас эхлээд асар их маргаан дагуулна. Аягүй бол бүртгүүлсэн дарааллаараа МАН-ын 76 нэр дэвшигч эхэнд бичигдэнэ. Түүний араас АН 152 хүртэл жагсана. Бусад намын нэр дэвшигч мянга хүртэл бичигдэж ч мэднэ. Ингэхээр сонгогчдод ойлгомжгүй болно. Саналын нууцлал алдагдана. Саналын хуудас факсын цаас шиг урт байх уу, хэдэн хуудас байх вэ, аль нь ч байлаа гэсэн миний аль хавьд зурж байгааг ажиглагчид хараад, өгсөн саналыг маань бараг гадарлачих боломжтой. Өөрөөр хэлбэл, өгсөн санал маань нууц байх ардчилсан сонгуулийн зарчим алдагдана. Энэ мэт олон хүчин зүйл бий.
-Намууд мөрийн хөтөлбөр гаргаж өрсөлдөөд зогсохгүй намын нэр дэвшүүлсэн 76 хүн хоорондоо өрсөлдөнө. Ингэхдээ өнгөрсөн жилүүдэд мажоритар тогтолцоогоор явж ирсэн шигээ намын мөрийн хөтөлбөрөөс өөр зүйл яриад явбал тэр дундаас сонгогчид мэдээллээ зөв олж авах, хүнээ сонгож, санал өгөх нөхцөл хүндрэх нь гэж Таны ярианаас ойлголоо?
-Би бол тэгж л бодож байна. Тэгэхээр энэ тогтолцоо өнөөгийн нөхцөлд Монголд тохирох сайн хувилбар биш. Төсөл боловсруулагчид “Одоо байгаа эрх зүйн орчинд хамгийн сайн хувилбар” гэж тайлбарлаж байгаа. Энэ бол буруу. Одоо байгаа Үндсэн хуулийн заалт бол мажоритар, пропорционалыг бус, шууд сонгуулийг л илэрхийлсэн ойлголт. Манайхан үүнийг буруу тайлбарлаад байгаа юм. ҮХЦ хүртэл нэг асуудлаар хоёр өөр байр суурь гаргасан. 2012 онд яг энэ асуудлаар гомдол гаргахад хүлээж аваагүй хэрнээ 2016 онд хүлээж аваад, пропорционал элемент хэрэглэсэн нь Үндсэн хууль зөрчжээ гэж дүгнэсэн. Энэ бол манай улстөрчдийн хийж буй тайлбар. Угтаа бол хэн нэгний өмнөөс өөр хүн санал өгөхгүй, тодруулбал, 18 настай шинэ сонгогчийн өмнөөс аав, ээж нь саналын хуудас бөглөхгүй, хараа муутай эмээ, өвөөгийнхөө өмнөөс ач, зээ нь өгөхгүй л гэсэн зарчим. Түүнээс намд өгөх үү, хүнд өгөх үү гэдэг нь тогтолцооны асуудал, шал өөр зүйл. Түүнээс гадна манай улстөрчдөд нэг том алдаа харагддаг. Ялангуяа 2016 оноос хойш “Сонгогчид нэр дэвшигчдээ тэмтэрч үзэхийг хүсээд байна. Бүр түрийвчийг нь хүртэл тэмтрэхийг хүсэж байна” гэж улайм цайм хэлдэг болсон. Энэ тийм сайн зүйл биш. Бид бодлого сонгож, улс төрийн институцүүдийг төлөвшүүлэх ёстой. Энэ том зорилгоо харах юм бол бидэнд мажоритар тогтолцоо хэрэггүй.
-ҮХЦ-ийн дүгнэлтийг бид өөрчилж чадахгүй. Өмнөх жижиг мажоритараар явах уу, өнөөгийн санал болгоод буй улс-нэг тойрог гэсэн хувилбарыг авах уу гэсэн сонголттой гарцаагүй тулгарсан нөхцөлд алийг нь дээр гэж үзэж байна вэ?
-Хувилбар бүр давуу болон сул талтай. Улс орны нөхцөл байдал, асуудалтайгаа уялдуулах л хэрэгтэй. Яг одоо энэ хоёроос сонгох боллоо гэхэд нэг тойрог, нэг мандаттай жижгэрүүлсэн мажоритарыг дээр гэж бодож байна.
-Би бас тэгэж бодож байна.
-Улс төрийн намыг эрүүлжүүлэх, аль болох бага зардал гаргах, оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэх талдаа энэ нь дээр. Парламент бол нийгмийн зөвшилцлийг хангах төлөөллийн төв байгууллага. Нийгмийн олон талын байр суурь, дүр төрхийг цуглуулах ёстой гэдэг утгаараа ч өмнөх нь дээр. Жижиг мажоритар тогтолцооны сул тал нь улс төрийн намуудыг хэтэрхий жалга довны шинжтэй болгоод байна. Орон нутагт хөрөнгө оруулсан хүн дараагийн сонгуульд сонгогдох боломжтой болохоор нэр дэвшигч нь үүнд илүү анхаарал хандуулж, тойргуудыг усалж, өөрийгөө таниулдаг. Энэ нь хэрээс хэтэрч байгааг л шийдэхэд анхаарч, бусад асуудлыг орхисон болохоор улс-нэг тойрог хувилбарыг дэмжимгүй байна.
-500 хүн амтай сумд 2000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн барьсан тохиолдол ч дуулддаг. Үүнийг цэгцлэх шаардлага бий.
-Намд, нэр дэвшигчид асуудал нь байгаа юм биш. Сонгогчид надад ямар ашигтай, манай тойрогт юу барих юм гэж харж буйгаас биш, улс орны өмнө ямар асуудал байна, төрийн бодлого тодорхойлох төлөөллөө сонгохдоо хариуцлагатай хандах ёстой гэж бодохгүй байна.
-Би үүн дээр Тантай санал нийлэхгүй. Манайх залуу ардчилал. 200-300 жилийн түүхтэй ардчилалтай харьцуулахад 20 гаруйхан настай. Бид шал өөр тогтолцооноос шилжиж ирсэн. Гэтэл сонгогчдын боловсролд хэн хөрөнгө оруулж байгаа юм бэ. Үүнд хөрөнгө оруулах ёстой. Ардчилал ямар үнэт зүйлтэй, бид яагаад сонгууль хийдэг вэ гэдгийг хэлж, үнэт зүйлийг нь бүрэлдүүлж өгөх ёстой. Гэтэл боловсролын байгууллагынхан өнөөг хүртэл иргэний боловсрол хичээлийнхээ зорилгыг ч тодорхойлоогүй яваа. Хүүхдүүдээ ардчиллын үнэт зүйлээр хүмүүжүүлж чадахгүй байна. Хоёрдугаарт, намууд сонгогчдын боловсролд онцгой үүрэг гүйцэтгэдэг байх ёстой. Одоо бол “Би танд бэлэг өгсөн учраас та надад саналаа өг” гэж тулгаад сууж байна шүү дээ. Тэгээд сонгогдонгуутаа алга болж, сонгууль дөхөхөөр гэнэт сонгогчдоо санадаг. Намыг бус нэр дэвшигчийг сонгодог тогтолцоо байгаа учраас сонгогчдын боловсрол ийм байна. Сонгогчид боловсрол муутай байгаа нь өөрсдийнх нь буруу биш.
-Би бол үүнийг сонгогчдын буруу гэж боддог. Сонгогчид ардчилсан нийгэмд эрхээ эдэлж, хариуцлага хүлээн, шаардлага тавьж, суралцаж чадахгүй байна. Улс төрийн намууд үүнд нь тохируулаад, орон нутагт бодлого ярихаасаа илүү мөрөөдлийн жагсаалт санал болгодог, түүнийгээ мөрийн хөтөлбөр гэж үздэг болчихоод байна.
-Өндөг анхдагч уу, тахиа анхдагч уу гэдэг философийн асуулт шиг болох гээд байна. Энэ хүмүүст хаа нэг газраас мэдээлэл өгч байх ёстой юм биш үү.
-Залуу ардчилал гэдгийг ойлгож байна. Улс төрийн намууд ч үүрэг хүлээх ёстой. Сонгогчид ч нийгэмд, улстөрчдөд, намуудад шаардлага тавьж, шахаж байх ёстой. Эрүүл, хариуцлага хүлээдэг улс төрийн намын төлөө бид дуу хоолойгоо нэгтгэх ёстой. Гэтэл бодит байдал дээр сонгогчид надад хэдэн төгрөг өгсөн бэ гэдгийг л харж байна шүү дээ. Энэ нь Монголын сонгуулийг сүйрүүлж байна. Улс төрийн намууд, сонгогчид хариуцлага хүлээхгүй байсаар ийм байдалд хүрчихлээ. Бид хувь хүнийг биш, бодлого сонгодог болбол намууд шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой, хэрэгжих боломжтой, популист биш бодлогуудыг томьёолдог болно.
Улс төрийн нам төлөөллийг хэрэгжүүлэх, засаглалыг зохион байгуулах, нийгэмд хариуцлагыг импортлох гэсэн үндсэн гурван үүрэгтэй. Манай намууд сонгуулиар санал авч буй учраас төлөөллийг хэрэгжүүлж байна. Засаглалыг зохион байгуулж байгаа. Харин нийгэмд хариуцлага импортолж, үлгэр жишээ, бодлогын, соёлтой улс төрийг бий болгож чадаж байна уу гэвэл асуудалтай.
-Нийгэмд хариуцлага импортлох үүргээ гүйцэтгэхгүй байгаад тогтолцоо нөлөөлж байна уу?
-Нөлөөлж байгаа. Гарцаагүй нөлөөлж байгаа. Намын төлөвшил сонгуулийн тогтолцооноос хамаардаг. Мажоритар тогтолцоотой бол нөлөө бүхий хоёр намын систем тогтдог, хувь тэнцүүлсэн бол олон намын систем тогтдог хуультай. Гэхдээ өнөөгийн картельчлагдсан улс төрийн тогтолцоог аль болох задлах нь илүү ач холбогдолтой. Тиймээс пропорционал тогтолцоо руу явах ёстой юм.
-Сонгуулийн тухай хуулийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, өөрчилж, сайжруулах хугацаа хангалттай байгаа шүү дээ.
-Наад тал нь хагас жил, цаашилбал бүтэн жилийн хугацаа бий. Сонгуулийн тогтолцооны талаар мэдээлэл хийж, зарласан энэ удаагийн явдал бол нийгмийн реакц ямар байгааг тандах гэсэн оролдлого гэж харж байна. Манайд улс төрийн соёл дутмаг учраас Сонгуулийн тухай хуулийг эрт оролдох тусам сонгууль дөхсөн сүүлийн мөчид дахин өөрчлөх магадлалтай. Ийм муу туршлага манайд бий шүү дээ. 2005 оны арванхоёрдугаар сард өөрчлөөд, 2007 оны арванхоёрдугаар сард эмэгтэйчүүдийн 30 хувийн квотыг үгүй болгож байсан.
-Сонгууль болохоос өмнө жилийн хугацаанд Сонгуулийн тухай хуулийг өөрчлөхгүй байхаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд тусгасан байна билээ. Энэ заалт орвол манайд нэг дэвшил болно. Ядаж жилийн өмнөөс “тоглоомын дүрэм” тодорхой байвал сонгуулийн зохион байгуулалтад ч сайнаар нөлөөлнө. Одоо бол манайд бараг эцсийн мөч хүртэл тодорхойгүй явж байна шүү дээ. Өмнөх сонгуулиар л гэхэд СЕХ пропорционалаар сонгууль явуулна гэж бүх бэлтгэлээ базаачихаад байтал санал хураахаас ганц сарын өмнө тогтолцоогоо өөрчилсөн. Тогтолцоо өөрчлөгдөхөөр процесс дагаад өөрчлөгдөнө. Гэтэл тогтолцоогоо өөрчилчихөөд процессоо өөрчлөхөө мартдаг юм уу, дутуу хагас тооцоолсон чигээрээ сонгуулиа явуулдаг. Тогтолцоо, процесс хоёрын уялдаа холбоог сайн нягталж хуульчилдаггүй, дандаа салангид орхидог. Тийм учраас 2008 онд томсгосон мажоритараар сонгууль явуулахад зарим газарт санал тоолох явц 72 цаг үргэлжилсэн. Энэ явцад санаатай, санамсаргүй алдаа гарна. Монгол шиг ялж, ялагдах саналын зөрүү маш цөөхөн нөхцөлд зайлшгүй маргаан гарна. Түүнийг яаж шийдэх вэ гэх мэтийн нарийн асуудлуудаа орхичихдог.
-Ер нь сонгуулийн тогтолцоог алсын хараатай, зөв хувилбар луу нь өөрчлөөд, түүнийгээ тогтвортой байлгах хэрэгтэй. Бид 2008-2012 он хүртэл пропорционал тогтолцоо хэрэгтэй гэж баахан ярьсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар 100 хувь пропорционал тогтолцоотой байхаар ярьж эхлээд, батлахдаа мажоритар давамгайлсан 48х28 гэсэн хувилбарыг сонгосон. Тэгээд батлангуутаа “Энэ ёстой буруу юм байна. Хаалгаар оруулахгүй гэтэл тооноор ороод ирлээ” гэцгээж, пропорционал тогтолцооны сайн талыг нийгэмд харуулж чадалгүй өнгөрөөсөн. Энэ нь манайхан тогтолцоогоо тогтвортой хадгалах хүсэл эрмэлзэлгүй, улс төрийн шалтгаанаар байнга өөрчлөхийг хүсдэгийг харуулж байгаа юм. Бид илүү үр дүнтэй сонгуулийн тогтолцоог сонгоё гэвэл аль болох 50х50 хувь руу дөхөх хэрэгтэй гэж судлаачийн хувьд боддог. Олон улсын судлаачид ч 50х50 хувьтай холимог тогтолцоо хэрэгтэй гэдэг. Манайхан даанч эсрэгээр нь хийдэг юм.
-2012 онд пропорционал элементийн намын жагсаалттай холбоотой хэсгийг арай нарийсгаж өгөх боломж байсан уу. Намын жагсаалт нээлттэй байх тохируулгыг хийчихсэн бол хаалгаар хөөгдөж гараад, тооноор ороод ирлээ гэсэн эсэргүүцлийг намжаах байсан болов уу гэж би боддог. Өөрөөр хэлбэл, сонгогч саналаа өгөхдөө намыг дугуйлахаас гадна жагсаалтад байгаа хүмүүсээс гурвыг ч юм уу, тавыг (хуульд заасан тоогоор) өөрийнхөөрөө эрэмбэлчихэж болно шүү дээ. Эхний ээлжид намын авсан хувийг тооцоод зарлана. Нам суудлаа хуваарилахдаа жагсаалтад бичигдсэн гишүүдийнхээ авсан саналыг харгалзана гэсэн үг. Ингэвэл илүү ардчилсан болно. Холимог тогтолцоонд жагсаалтыг ийм байдлаар хийх боломж байсан ч хийгээгүйг би алдаа болсон гэж үздэг. Үүнээс гадна сонгуулийн санхүүжилтийг цогцоор нь хараагүй нь бас алдаа. Сонгуулийн кампанит ажил, намын санхүүжилтийг гаргах боломжтой хүмүүс нь жагсаалтын эхэнд бичигд гэснээр сонгох, сонгогдох эрх, ардчиллын үнэт зүйл оргүй алга болж, төлөөллийн ардчиллыг намууд жижиглэн зарж эхэлсэн.
-Тийм. Жагсаалтад бичигдсэн хүмүүсээ яаж ил тод, намын дотоод ардчилалтайгаар сонгож, оруулахаа огт тооцоогүй нь 2012 онд хийсэн том алдаа. Аль ч тогтолцоонд эерэг, сөрөг тал байгаа. Бид юуг шийдэх гэж, юуны төлөө явж байгаагаа том зургаараа харах ёстой. Тэгж чадахгүй бол мөнхөд шүүмжлүүлнэ. Сонгууль бүрээр тогтолцоогоо өөрчилсөөр л байх болно. Ингээд өөрчлөөд байхаар сонгогчдод ойлгомжгүй, улс төрийн соёл төлөвшихгүй хэвээр үлдэнэ. Ер нь улстөрчид нь хэний төлөө үүнийг шийдээд байгаа юм бэ, энэ нь улс төрийн соёлыг төлөвшүүлэхэд ямар үүрэгтэй вэ гэдэг талаас нь харвал оновчтой болов уу.
-Ирэх сонгуульд хэн ялах вэ гэдэгт гол анхаарлаа хандуулж байгаа. Гэхдээ энэ нь хамгийн буруу шалгуур. Одоо бол асуудалд арай ул суурьтай хандах цаг ирчихээд байна. Өмнөх тогтолцоонуудаас ямар асуудал үүссэн, одоо бид юу шийдэх гээд байгаа юм бэ гэдгээ жагсааж, түүнийгээ эрэмбэлж байгаад, судалгаанд үндэслэн, нухацтай шийдэх хэрэгтэй. Одоо дэвшүүлж буй тогтолцооны хувилбарыг судалгаанд үндэслэсэн л гээд байгаа. Гэхдээ ямар судалгааг хэн хийсэн, тэр нь хэр ул суурьтай вэ гэдэг мэдээлэл нь ил бус байна. Тэгэхээр хүмүүс үүнд эргэлзэх нь аргагүй. Нэлээд хөнгөн хуумгай л юм болох гээд байна уу гэж би харж байгаа.
-Нийгэмд хэлэлцэх сэдэв гаргаж өгч, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ч юм уу, бусад өөр асуудлыг дарах гэсэн оролдлого байхыг үгүйсгэхгүй. Тактикийн хувьд ийм зүйл харагдаж байна. Хангалттай, хагас жилийн хугацаа байхад улс төрийн ийм шийдэл чулуудах үндэслэл түүнээс өөрөөр байхгүй. Нөгөө талаас нь харвал, улс төрийн намууд легитим шинжээ алдчихсан, бүх судалгаагаар иргэд намуудад итгэхээ больчихсон, шинэ хүн, шинэ хүчин хүсэмжилсэн дүр зураг гарч буй учраас тэдэнд тохируулаад таарсан хувилбар гаргаж, эргэж сонгогдохоо бодож буй хэрэг.
Дэлхий нийтээрээ пропорционал элементийг ашигласан хувилбар руу шилжиж байна. Энэ нь институцийг яаж бэхжүүлэх вэ гэдэг рүү чиглэж байгаа гэсэн үг. Гэтэл бид институцийг үл ойшоож, сонгогчдод уяатай байх тогтолцоо руу яваад байна. Өөрөөр хэлбэл, бид дэлхий нийтийн явж буй замын эсрэг яваад байна.
Тэмдэглэсэн Х.УЯНГА