Өнөөдөр /2019.06.07/ Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Консерватив намын даргын суудлаа өнөөдөр өгнө. Намын дотоод тэмцлийн үр дүнгээр түүний орыг эзлэх хүн тодортол Мэй Засгийн газрыг үргэлжлүүлэн толгойлох аж. Тэрбээр 2016 оноос хойш тэгүүлж буй намынхаа даргаас буух тухайгаа өнгөрсөн сарын сүүлээр мэдэгдсэн билээ. Ингэх болсон шалтгаанаа 62 настай улс төрч Европын холбоотой хийсэн “Brexit”-ийн гэрээг Британийн парламентаар батлуулж чадахгүй байгаагаар тайлбарласан. Тереза Мэй Консерватив намыг 1061 хоног толгойлжээ. Энэ нь тус намын түүхэнд маш муу үзүүлэлт аж. Консерватив намыг хамгийн богино хугацаанд буюу 784 хоног удирдсан Невилл Чебрелений дараа Тереза Мэй одоогоор эрэблэгдэх юм байна. Эл намыг хамгийн удаан удирдсан улс төрч бол Маргарет Тетчер аж. Тэрээр намын даргынхаа хувьд 5769 хоног Их Британий Ерөнхий сайд байсан бол удаах нь Уинстон Черчилль 1940-1955 онуудад торийг удирджээ. Тереза Мэйн өөрийнх нь зарласан хуваарийн дагуу түүнийг намын даргаа өгснөөс хойш гурав хоногийн дараа тус албан тушаалын сонгуулийн компанит ажил эхлэх аж. Сонгуулийн үйл ажиллагаа сар хагас үргэлжлэх бөгөөд долдугаар сарын 28-нд залгамжлагчийн нэр тодрох юм байна. Хэдий албан ёсоор сонгууль ирэх долоо хоногт товлогдсон ч намын дотоод тэмцэл хэдийнээ эхэлсэн бөгөөд даргын сэнтийд 11 улс төрч нэрээ албан ёсоор дэвшүүлээд байгаа билээ. Харин албан тушаалаа өгсөн Тереза Мэй юу хийх вэ гэсэн сэтгүүлчдийн асуултад түүний албан ёсны төлөөлөгч Ерөнхий сайдыг “үлдсэн хугацаандаа Их Британийн ард иргэдийн сайн сайхны төлөө үргэлжлүүлэн ажиллах болно” гэж хариулжээ. Ингэхдээ Ерөнхий сайд тус улсыг Европын холбооноос гарах улс төрийн бодлогод идэвхтэй оролцохгүй гэдгийг онцолсон байна. “Энэ даалгаврыг би биш миний орыг авсан хүн гүйцэтгэх болно” гэж Тереза Мэй хэлжээ.