Чехийн нийслэл Праг хотын төв талбайд өчигдөр Ерөнхий сайд Андрей Бабишийг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал боллоо. Уг арга хэмжээг зохион байгуулагчидийн хэлснээр бол жагсаалд ойролцоогоор 120 мянган хүн оролцсон байна. Ерөнхий сайдыг огцрохын шаардах болсон гол шалтгаан нь түүнийг Европын холбооноос олгож байгаа татаасыг хууль бусаар ашигласан хэмээн буруутгаж байгаа аж. Европын холбоо Чех улсад олгосон татаасаа буцаахыг шаардсан тайлангийн ноорог хувилбар ил болоод байгаа ч Андрей Бабиш өөрийгөө эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэгтэй санал нийлэхгүй байгаа ажээ. Андрей Бабиш Засгийн эрхэнд 2017 онд Чехийн ANO (Аз жаргалгүй иргэдийн хөдөлгөөн )популист намаас нэр дэвшин гарчээ. Тэрээр хөрөнгө чинээгээрээ Чехийн хамгийн баян хүмүүсийн хоёрдугаарт эрэмбэлэгддэг аж. Хэдий Бабишийн эсрэг хүчтэй компанит ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн явагдаж байгаа ч түүний толгойлсон нам Европын парламентын сонгуульд 21,2% санал авч чаджээ. Бабиш Ерөнхий сайд болохоосоо хоёр сарын өмнө өөрийн “Agrofert” холдингийг хөвгүүддээ шилжүүлсэн ч ашгаа авсаар байгаа гэж Европын комисс дээрх тайланд дүгнэжээ. Эл тайлангийн ноорог хувилбар өнгөрсөн баасан гарагт Чехийн хэвлэл мэдээллээр цацагджээ. Хэрэв эл мэдээлэл албан ёсоор батлагдвал ЕХ Бабишаас 17,5 сая евро эргүүлж төлөхийг шаардах юм байна.