Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Шатахууны үнийн зөвлөлийн хурлыг шийдвэрийг АМГТГ-ын Орлогч дарга Ц.Эрдэнэбаяр танилцуулж байна. Тэрбээр "Хурлаас 4-5 зөвлөмж гаргаж ажиллана. Дизелийн түлшний хувьд өнгөрсөн тавдугаар сард 40 орчим төгрөгөөр, харин АИ92 бензины үнэ 60 орчим төгрөгөөр өссөн.
Өнөөдрийн хурлаар дизелийн түлшний үнэ нэмэгдэх шаардлагагүй байсан гэдэг зармчмын дор хуралдаж байна. АМГТГ-аас ч мөн аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж ажилласан. Өөрөөр хэлбэл, дизелийн түлшний жижиглэнгийн үнийн өсөлтийг буулгах шаардлага тавьсан. Үүний дагуу маргааш буюу 2019 оны зургадугаар сарын 05-ны дотор аж ахуйн нэгжүүд үнэ буулгасан тайлангаа ирүүлэх ёстой. Хэрэв үнээ буулгаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллана.
Ер нь сүүлийн гурван сарын турш түүхий газрын тосны үнэ өссөн. Үүнтэй холбоотойгоор хилийн үнэ өсөж орж ирсэн. Харин зургадугаар сард тонн тутамдаа 25 ам.доллараар буурч орж ирсэн. Гэхдээ уг бүтээгдэхүүнүүд зургадугаар сарын 15-наас хойш орж ирэх учраас тэр үеэс шатахууны жижиглэнгийн үнэ ойролцоогоор 50 төгрөгөөр буурна. Долдугаар сард дахин буулгаж ажиллана.
Брэнт төрлийн газрын тосны үнэ 60 ам.доллар болж буурлаа. Гэхдээ үнэ буурсан бүтээгдэхүүн нь дараа сардаа орж ирж байдаг юм. Ойролцоогоор 20 орчим хоногийн дараа өөрчлөлт мэдрэгдэж эхэлдэг. Гэхдээ үнийн өөрчлөлт манай зэх зээлд 20 орчим хоногийн хоцрогдолтой нөлөөлдөг гэдгийг олон нийтэд ойлгуулмаар байна. Учир нь иргэд ердөө маргаашаас нь л үнэ буух мэтээр буруу ойлгон, хүлээлт үүсгэдэг" гэв.