Гучин жилийн өмнө яг энэ өдөр Хятадын Тяньаньминий талбайд эрх чөлөө, ардчиллын төлөө үзэл бодлоо илэрхийлэн жагссан тэмцсэн оюутан залуусын эсрэг Хятадын засаг хүч хэрэглэж, цус урсган дарсан байдаг. Энэ өдөр тус улсын түүхэнд яахан аргагүй “хар өдөр” болон тэмдэглэгдсэн юм. Гэхдээ энэ үйл явдлын талаар ярих, бичихийг Хятадад хатуу хориглодог бөгөөд Бээжин ч энэ үйл явдлын талаар тэр бүр ам нээдэггүй. Саяхан Сингапурт болсон тухайн бүс нутгийн аюулгүй байдлын чуулганы үеэр Хятадын Батлан хамгаалахын сайд Вей Фэнхэгээс гучин жилийн өмнөх болсон эмгэнэлт үйл явдлын талаар асуухад “Энэ үйл явдал бол улс төрийн үймээн самуун байсан бөгөөд засгийн газрын авсан арга хэмжээ зөв байсан. Тухайн үед зөв арга хэмжээ авсны үр дүнд өнгөрсөн 30 жилийн хугацаанд Хятадын нийгэм эдийн засаг тогтвортой хөгжлийн замдаа орсон” хэмээн хариулсан байна. Хятадын Коммунист Намын дуу хоолой “Глобал Таймс” сонин даваа гарагийн дугаартаа хэвлэсэн нийтлэлдээ “Тяньанмэн”-ий хэрэг явдлыг улс орноо ирээдүйн тогтворгүй байдал, үймээн самуунаас урьдчилан сэргийлсэн “вакцинжуулалт” байсан гэж мөн тодорхойлсон байна. Тэгвэл өнөөдөр АНУ «Тяньаньминий эсэргүүцэл»-ийн үеэр амь насаа алдсан хүмүүсийн тоог ил болгохыг Хятадын эрх баригчдаас шаарджээ. “Амь насаа алдагсдын тоо өнөөг хүртэл тодорхойгүй байгаа...Бид Хятадын эрх баригчдаас амь үрэгдсэн, сураггүй болсон хүмүүсийн тухай бүрэн болон хараат бус тайлан гаргахыг уриалж байна” гэж Төрийн нарийн бичиг Майк Помпеогийн мэдэгдэлд бичсэн байна. Олон янзын эх сурвалжийн мэдээлснээр бол хоёр зуугаас мянга хүртэл хүн амь үрэгдсэн гэх тоо байдаг.