Ашигт малтмал, газрын тосны газраас Асгатын мөнгөний ордын ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг өнгөрсөн баасан гарагт “Эрдэнэс Монгол”-д шилжүүлснийг тус компанийнхан өчигдөр мэдээллээ. Ингэснээр “Эрдэнэс Монгол” компани тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд шат дараатай арга хэмжээ авч ажиллах боломж бүрдэж байгаа аж. Түүнчлэн “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газраас Асгатын мөнгөний ордын хайгуулын болон техник, эдийн засгийн чиглэлээр хийсэн тооцоо, судалгааны эх хувийг “Эрдэнэс Монгол” компанийнханд хүлээлгэн өгсөн байна.
Засгийн газрын 1993 оны хоёрдугаар сарын 12-ны 25 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, “Монголросцветмет” ТӨҮГ-ын мэдэлд байсан Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэх шийдвэрийг өнөөгийн Засгийн газар гаргасны дагуу дээрх ажлыг гүйцэлдүүлжээ. БаянӨлгийн аймгийн Ногооннуур сумын нутаг, Монгол, ОХУ-ын хилийн ойролцоо тогтсон Асгатын мөнгөний ордыг 7370 тонн мөнгөний нөөцтэй гэж дүгнэсэн. Үүнээс 2566 тонн мөнгөний агууламжтай 8.2 сая тонн хүдрийг үйлдвэрийн аргаар ашиглах боломжтой гэж мэргэжилтнүүд тооцсон юм.