Өнөөдөр /2019.06.03/ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Их Британид хийх төрийн айлчлал эхлэх билээ. Үүнтэй холбогдуулан Их Британичууд эсэргүүцлээ илэрхийлэн Лондон хотын хөдөлгөөнийг хаахаар 250,0 мянган хүний жагсаал зохион байгуулахаар зэхэж байгаа аж. Гол жагсаал Лондонгийн Трафальгарын талбайгаас Парламентын ордон хүртэл явагдах юм байна. Уг хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа “Трампыг эсэргүүцье”, “Трампыг зогссое” нэртэй хоёр бүлгэмийн төлөөлөгчид “Бид төв Лондоны хөдөлгөөнийг бүхэлд нь хаана. Трампын хор уршигтай бодлогыг Британид хүлээн зөвшөөрдөггүй гэдгийг Трамп өөрөө ч, дэлхий дахин ч мэдэх болно” гэж “The Daily Mail” сонинд ярьжээ. Хоёр дахь гол жагсаал Их Британийн хатан хааны Букингемийн ордны дэргэд болох аж. Даваа гарагийн орой хатан хаан II Елизаветта АНУ-ын Ерөнхийлөгчид зориулж хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулах юм байна. Орон даяар зохиогдох уг эсэргүүцлийн жагсаалын үеэр 20,0 мянган цагдаагийн офицерууд хамгаалалтад гарах гэнэ. Трампын айлчлалын үеэр аюулгүй байдлыг хангахад Британи улс ойролцоогоор 18,0 сая фунт стерлинг зарцуулах аж. Уг айлчлалд АНУ-ын Ерөнхийлөгч өөрийн гэргийгээс гадна бүх хүүхдүүдээ эхнэр, нөхрүүдтэй нь хамт авч явж байгаа аж. “The Sunday Times” сонины мэдээлснээр Лондонд зохиогдох эсэргүүцлийн жагсаалаас болж Америкийн төрийн тэргүүн айлчлалынхаа хөтөлбөрийг эргэн харахад хүрчээ. Жишээ нь Трамп хатан хаан Елизаветтын хамтаар Лондоны Мэл гудамжаар алтадсан сүйх тэргээр Букингемийн ордон руу явах төлөвлөгөө нурсан бололтой.